ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Босоо хөх “хяналтынхан”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-17

Төрийн алба, төрийн бус байгууллагын ажил хоёр ялгагдахаа байсан энэ цаг үед сайн дурынхан хүчээ авч, нэг ёсондоо тэд “сэргэн мандалтын үе”-дээ явж байна. Тэдний нэгэнд “Босоо хөх монгол” ТББ-ынхан зүй ёсоор багтана. Анх эх орноо хамгаална хэмээн  жагсаал цуглаан хийж эхэлсэн билэг танхай хэдэн эр өнөөдөр төрийн ажлыг зааж, чиглүүлэх болтлоо өргөжин дэвшжээ. Сум болгонд салбараа нээж байгаа сурагтай. Сумын дарга хүртэл төрийн ажилд нь тусалж, дэмжихийг хүссэн албан бичгийг тэдэнд хаяглан илгээж байна гэнэ цаана чинь. Тэдэнд хийхгүй ажил гэж байхгүй. Цагдаа, хяналт гээд хэрэгтэй бол юуг ч  хийнэ тэд.

Хүнсний бүтээгдэхүүнээс хортой бодис илэрхэд ч “Босоо хөх Монгол”-ынхон тэнд шалгаж л байдаг. Монголд ирэх гадны иргэдэд ч тэд хяналт тавьдаг. Уул уурхай, улс төрийн хэрэгт ч тэд тэргүүн эгнээнд явж л байдаг.  Худалдаж авсан зүйлийн маань хугацаа дууссан байвал мэргэжлийн хяналтынханд хандах уу, “Босоо хөх Монгол”-ынхонд хэлэх үү гэдэг эргэлзээтэй асуудал болоод байна. Тийм ч учраас сүүлийн үед манай дарга нар хүртэл хүч дутсан ажлаа тэдэнд даатгах хүсэлтэй болоод байх шиг. Цаг цагаараа байхгүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн ер нь төрийн алба, төрийн бус байгууллагын ажил хоёр ялгагдахаа байх нь уу?.

Аль нь хөл, аль нь толгой нь вэ гэдгийг мэдэхэд бэрх болох нь ээ. Нэгэнт л хүчирхэг “Босоо хөх Монгол”-ынхон хууль, хяналтын ажлыг хийж байгаагаас хойш нэрээ өөрчлөөд “Босоо хөх хяналт” болчихвол зүгээрсэн. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад орон тоо гаргаад, тэд нэгэн дээвэр дор ажиллавал амьтны толгой эргэхгүй амарсан уг нь. Асуудал тулгарахад хэнд нь хандах вэ гэж толгой гашилгаж суулгүйгээр “Босоо хөх хяналт”-ынханд гэж хаяглаад л явуулчихна шүү дээ.