ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмч, сувилагч нар үсээ хуссан ч зүрхээ худалдахгүй гэв

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-18

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаялтын өмнөх суулт хийж байгаа билээ. Тэд таван өдөр дараалан Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Харин өчигдөр 09:00-14:00 цаг хүртэл төв талбайд сууж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл манай сурвалжлах хэсэг өчигдөр суулт хийж байгаа хүмүүстэй уулзаж, санал бодлыг сонслоо. Биднийг 10:00 цагийн үед Сүхбаатарын талбайд очиход, талбайн хойд хэсэгт Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо гэсэн цэнхэр хантааз өмссөн хүмүүс сууж байв. Тэдгээр хүмүүс иргэдээс уг суултыг дэмжиж байгаа талаар гарын үсэг цуглуулж байсан юм. Суулт хийж байгаа хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж байсан бөгөөд “ажлаа дуусгачихаад ирлээ” хэмээцгээж байлаа.

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ирсэн юм. Тэрбээр “Өчигдөр /уржигдар/ МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид шуурхай хуралдаж, ирэх даваа гараг буюу энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хамтын маргаанаа үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Цалин нэмэх бол 2014 оноос хойш хэлэлцээрээр хүлээсэн Засгийн газрын үүрэг байсан. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар цалин хөлс нэмэгдүүлэх алхмыг хийсэнгүй. Тиймээс энэ сарын 21-ний өдрөөс МҮЭХ улс орон даяар буюу 21 аймаг, есөн дүүрэгт хөдөлмөрийн хамтын маргаанаа үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Энэ чиглэлээр УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өчигдөр /уржигдар/ албан мэдэгдэл, шаардлагаа хүргүүлсэн. Мөн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хүргүүлсэн. Нааштай шийдвэр гаргаж чадахгүй бол хөдөлмөрийн хамтын маргаан ажил хаялтын хэлбэр рүү шилжинэ” хэмээн ярилаа. Мөн МҮЭХ-ноос ажил хаялтын суултыг дэмжинэ гэдгээ хэлж байсан юм.

Эмч, сувилагч нар үсээ хуссан ч зүрхээ худалдахгүй

Үүний дараа Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Биднийг анхаарч тоож байгаа төрийн түшээд алга. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг үр дүнд хүргэхээс нааш бид суултаа зогсоохгүй. Эрүүл мэндийн салбарынхны хийж байгаа суултын ард АН байгаа. 250 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа мэтээр биднийг гутаан доромжилж байгаа. Энэ байдлыг дахиж тэвчихгүй. Тийм учраас бид хуулийн байгууллагад хандаж, улс төрийн томоохон бүлэглэл, хүчнүүдийн соошл ертөнцөөр тарааж байгаа энэ мэдэгдэлд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ. Мөн өчигдөр /уржигдар/ эмч нар өөрсдөө санаачилж төрд хүрэх шүлэг бичиж, үсээ хусах тэмцлийн хэлбэрийг сонгосон. Өчигдөр /уржигдар/ үсээ хуссан эмч сувилагч нар руу 9911-тэй дугаараас залгаад “Та нарт мөнгө өгч үсээ хусуулсан гэж хэлээд өг. Цалингийн зээлийг чинь төлж өгье. Юу хэрэгтэй байна” гэсэн байсан. Биднийг битгий ингэж доромжил. Эмч, сувилагч нар үсээ хуссан ч зүрхээ худалдахгүй гэдгээ өчигдөр /уржигдар/ шүлгээр илэрхийлсэн” хэмээн ярилаа.

Миний ард үлдэх гурван хүүхдийн ирээдүйг авраач

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхны суулт хэлэлцээрт орж үр дүн гарах хүртэл үргэлжлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар 600 хүн энэхүү суултад нэгджээ. Суултад эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, цаг уур гэсэн таван салбарын төлөөлөл оролцож байгаа аж. Суултад оролцогчид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрүүл мэндийн асуудал орхигдсон гэж байсан юм. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “ЭМЯ-наас авсан тоогоор 3781 хүн элэгний С вирусын халдвартай. С вирусын халдвар цусаар дамждаг халдварт өвчин. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэсэн үг. Үүнээс 1700 орчим хүнийг эмчилгээнд хамруулсан. Үлдсэн хүмүүсийг оношилгоонд хамруулаад л орхисон байсан. Үүнээс гадна, сүрьеэ өвчнийг эмчилж байгаа эмч нар сүрьеэ өвчнөөр өвдөж нас бардаг. Мөн олон эмийн дасалтай буюу сүрьеэгийн хавдар өвчнөөр өвчилсөн олон эмч, сувилагч байдаг. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарахад төрөөс дэмжлэг хэрэгтэй байна” гэдгийг онцолж байсан юм. Уг суултад эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллаад эрүүл мэндээрээ хохирсон сувилагч ирсэн байв. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын сувилагч Ж.Уранчимэг “Би гурван хүүхэдтэй, үүдэл эсийн хавдар өвчнөөр өвдөөд таван сар болж байгаа. Миний цалин өрнөөс өрний хооронд дуусдаг учраас надад ямар ч мөнгө хураах боломж гараагүй. Би ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө 10 гаруй жил зүтгэсэн. Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, Эрүүл мэндийн сайд аа надад амьдрал бэлэглээч. Би та бүхэнтэй уулзмаар байна. Миний ард үлдэх гурван хүүхдийн ирээдүйг авраач. Хэрэв би өндөр цалинтай, мөнгө хураасан байсан бол өдийд би уйлаад сууж байхгүй шүү дээ. Гурван хүүхдийнхээ төлөө би амьдармаар байна” гэв. Түүнийг ингэж хэлэхэд суулт хийж байсан хүмүүс уйлж байсан юм.

Суулт зарласан хүмүүсийг хүлээн авч уулзжээ

Ажил хаялтын өмнөх суулт энэ сарын 12-ноос өнөөдрийг хүртэл ийнхүү үргэлжилж байна. Энэ сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар болон холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөллийн зүгээс гурван талт хэлэлцээрт ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэх, салбарын ажиллагсдын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хоёр талт хамтын хэлэлцээрийг шинээр байгуулах зэрэг санал, хүсэлтийг тавьж харилцан ярилцсан байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санал, хүсэлтийг хүлээн авч, эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулахад УИХ, Засгийн газарт та нарын төлөөлөл болон ажиллах болно” хэмээн ярьсан байна. Харин дараа өдөр нь Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт зарласан эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг хүлээн авч уулзжээ. Тэд “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр асуудлын хүрээнд ярилцсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг хүлээн авч байгаагаа хэлж, юун түрүүнд олон талын байр суурь, санаа бодлыг тусган, мэргэжлийн төвшинд хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мөн ойрын хугацаанд салбарынхан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхээр санал нэгдсэн байна.