ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний эх орон Ланд-200 эрдэнийн билээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-22

“Эдийн засаг өслөө гээд байх юм. Тэр өсөлт чинь ард иргэдэд нөлөөлөхгүй байна гэж” яриад байгаа хүмүүс жаахан судалгаа хийгээсэй.  Эдийн засгийн өсөлт ард иргэдэд наалдаж байна. Бүр Ланд-200 болж “наалдсан”. Мөнгөтэй хүмүүс Ландтайгаа “наалдаад” онцгой байдал дуудахад хүрчихээд байхад эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөөгүй гэж ярихаа одоо болих хэрэгтэй. Өнгөрсөн онд “Таван богд” ердөө 400-хан ширхэг Ланд-200 зарж.

Гэтэл энэ жил аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1000 гаруй Ланд-200 зарж, эдийн засгийн өсөлтийг мэдэрсэн шиг мэдэрчээ. “Моннис” өнгөрсөн жил 143 Ланд-200 зарж байсныг бодвол энэ жилийн аравдугаар сарын 12-ны байдлаар 177-г “наачихсан” гэсэн тоо баримт байна. Он дуустал энэ “наалт” хэд хүрэхийг бүү мэд. Хэдхэн тоо хэлэхэд ийм үр дүн гарч байна.  Эдийн засгийн өсөлт иргэдэд наалдаагүй, нөлөөлөөгүй гэж хэлсэн хүн улайхгүй худалч болж таарлаа.  Улаанбаатар хотынхоо төвд баячууд Ланд-200-тайгаа “наалдаж”, дуудлага өсч байвал аятай юу.

Багш, эмчийн цалин өсөх, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн амьдрал хүндрэх яршиг л байна. Гадаадынхан ирээд манай эмч, багшийн цалинг асууж, ахмадын тэтгэврийг сонирхох юм уу. Өргөн хэрэглээний бараа нь үнэтэй байна уу гэж судлах уу. Таван ам.доллараар тансаг ресторанд хоол идчихээд, хямдыг нь гайхаад буцна. Гудамжаар нь дүүрэн Ланд-200 унасан хүмүүс холхихыг хараад эдийн засгийн өсөлт нь иргэддээ “наалдаж” байгаа гэж бодоод л явна.  Тийм болохоор ирэх жил илүү олон Ланд-200 зарагдах бололцоог хангахын төлөө төр засгийнхан минь ажиллаад байж дээ.