ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх зүйлд утаа буруутай

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-23

Энэ утаанаас л нэг болно шүү. Уг нь манайд өвлийн улирал гэж байлаа. Одоо зөвхөн утааны улирал л гэж байна. Цасан бударч, хялмаа гялтганах тунгалаг өвлийн улирлаа бид утааны улирал гэж нэрлэж заншаад олон оныг үдлээ. Утаа л биднийг ийм байдалд хүргэв.  Аргалын утаанд хүн болов, нүүрсний утаанд хүүр болох нь уу гэж эхнээсээ түгших болов. Төрийн эрхэм түшээд чинь утаанаас гэтэлгэх гэж толгой гашилгаж, элдвийг туршсаар мухардаж гүйцлээ. Тэдэндээ гомдох юм алга. Мэддэг мэхээ ашиглаад, чадахаараа л зүтгэж яваа улс.

Хөөрхий дарга нарын буруу юу байх вэ. Бүгдэд энэ утаа л буруутай. Уур уцаар, ужиг өвчин, ургийн гажиг, улсын хөрөнгө гээд бүгд л гайт энэ утаанаас болоод байна. Сүүлийн 20 жил бид хар утаан дунд пөөдөгнөв. Ойрын хэдэн жил бол өглөө, оройдоо тэмтчих шахам явж, ажилдаа хүрэх боллоо. Бүтэн 20 жил тэмцээд, туршаад, санаачлаад дийлддэггүй яасан гайтай утаа гэгч вэ энэ.

Арван таван толгойтой атгаалжын хар мангас адил амь бөхтэй энэ утааг арилгах арга хайж туйлдлаа дээр, доргүй. Амьдралынхаа 50 хувийг аргалын утаа үнэрлэж өссөн бид үлдсэн хугацаагаа нүүрсний утаан дунд хахаж цацан туулах нь гэж бодохоор өөрийн эрхгүй бухимдах. Улаанбаатарынхан уур ихтэй гэдэг. Үнэндээ энэ утаа л биднийг уурлуулаад байгаа хэрэг. Өөр юу ч биш, бүгдэд утаа буруутай.