Түшээдийн эхнэрүүд төрөөс их хэмжээний мөнгө зээлсэн талаар соошлоор шуугиж байна. Түүнийг нь эр нөхрүүд мэдээгүй тухай ярьж байх юм. Яах вэ дээ, аваа л биз. Ар гэр, амраг ханиа л гэж тэр шүү дээ, эвий минь. Сүйхээтэй бүсгүйчүүд юм. Хэн хүний бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэж дээ, тэд. Эхнэрүүд угаасаа том ар тал байдаг. Тэд бүгдийг даана. Ахуй амьдрал, үр хүүхэд, эр нөхрийнхөө сайн сайхны төлөө ямар ч эрсдлийг үүрэхэд бэлэн. Хийгээгүйг хийсэн болж, мэдээгүйг мэдсэн болоход хэзээд бэлэн байдаг зоригт эхнэрүүд мандтугай.
Ноёны үг хууль гэдэг шиг эхнэрүүдэд эр нөхрийн үг, үйлдэл хамгийн баттай, зөв шийдэл байдаг хойно нөхөртөө хэлэхээ мартаа л биз. Бүсгүйчүүд нөхөртөө итгэж, юу ч болсон хамгаалж, хайцайлна гэдэгт эргэлздэггүй. Аливаа зүйлд тээнэгэлзсэн ч араа мэдэж байгаад нь бат итгэж, шаардлагатай бол хууль зөрчихөд ч бэлэн байх сэтгэлтэй хүмүүс шүү. Үүнийгээ ч энэ шуугианаар нотоллоо. Тэдэнд буруу өгөөд яах вэ. Эхнэрээ мөнгө зээлснийг мэдээгүй явсан эр нөхрүүд ч буруугүй. Гэвч хэцүү үед хамгаалж, хаацайлах ёстой нөхөр зээл авсныг нь мэдээгүй учраас надад падгүй ухааны тайлбар өгч байгаад гомдож л суугаа байх дотроо.
Мэдээгүй байсан ч мэдсэн гээд зүтгэх ёстой бус уу. Олны харц чичлээд ирэх хүнд цаг үед тэрбум, тэрбумаар зээл авсныг нь мэдээгүй гэж мэлзэж байгаа хүмүүс, үүнээс хүнд өдрүүд ирвэл яах вэ. Миний эхнэр биш гээд зүтгэхийг байг гэх аргагүй юм. Итгэж, найдаад бүхнийг үүрээд гарч байхад тэвдсэн үед эхнэр минь байхаа больсон гэхэд бэлэн л юм шиг санагдлаа. Мэдээтэй л байгаарай хүүхнүүд ээ.