Төр түшилцэж, хувь хувьсгалын хүнд ачаа үүрч яваа УИХ-ын 76-гаа манайхан ойрд хэт гомдоогоод байх шиг. ЖДҮ-ээс зээл авсан хэд нь бүр нүдэнд орсон бог, шүдэнд орсон мах боллоо хөөрхий. Ардад очих мөнгийг арын хаалгаар авлаа л гэнэ. Тэдний авах хэмжээгээр биш, тэрбум тэрбумаар халаасалсан л гэнэ. Арилжааны банк гэх аварга мангасын зээлийн хүүд дарамтлуулж, аргаа бараад л авснаа учирлаад байгаа шүү дээ эхнээсээ.
Өрөвч, зөөлөн сэтгэлтэйсэн монголчууд, өнөөдөр яагаад тийм биш болчихов, даруу дуугай юмсан эд, дандаа ингэх боллоо гэж шаналж л суугаа тэд. Эрхэм гишүүдээ ингэж зовоогоод хэрэг юун. Ард түмэн яах вэ тоохгүй. Угаасаа хямарч, хоосорч, зээлийн хүүд дарамтлуулаад сурчихсан, туршлага зузаан хүмүүс. Харин гишүүд бол өөр гэдгийг ялгаж салгамаар сан. Туршлага муутай гишүүдээ өөрсөдтэйгээ харьцуулж яахин болох билээ. Тэд бол түмэн олныг төлөөлж, төрийн жолоо залалцаж яваа нэр хүндтэй ноёд .
Зээл эвсан тухай хамаг зовлонгоо ярьж, нүүр улалзуулахад хүргээд яах нь вэ тэднийгээ. Маргаашнаас эхлээд л төлнө гэсэн, тайвширцгаая. Ер нь тэгээд хаа хаанаа бодох хэрэгтэй л асуудал. Зээлийн хүүгээр дарамталж, зээлэхээс өөр аргагүй байдалд оруулаад байгаа арилжааны банкууд ч буруутай. “Жижигхэн” бизнесээ өргөжүүлье гэхэд нь өрийн дарамтанд оруулаад байгаа нь шударга сайн үйл яавч биш. Аргаа барахдаа л тэд нэр нүүр, зэрэг зиндаагаа умартан байж зээл авч байх вэ дээ хөөрхий.