Өртэй монгол хүн та биеэ сайн бодоорой. Өвдөөд хэвтчихвэл алтан амиа барьцаанд тавих нь холгүй байж гурван жилийн хугацаатай авсан бүхэл бүтэн 1.5 сая төгрөгийн чинь зээлийг хэн төлөх билээ. Тиймээс хүйтний улирал дөхөөд, хаа нэг ханиалгаад байвал шууд эмнэлэг яв. Хоёрын хооронд өрхийн эмнэлэгт очоод яах ч билээ. Нэг, хоёр, гурав, эсвэл өндөр төлбөртэй том эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй шүү. Ганцхан эмнэлэгт үзүүлэх хэрэггүй. Багадаа л таван өөр эмнэлэгт үзүүлж, оношоо баталгаажуулж авах нь зөв.
Хоёрын хооронд цээжний зураг авахуулж яах юм. Шууд л томографийн зураг авахуулж, эсвэл MRI хийлгэх хэрэгтэй. Манай эмнэлгүүдийн эмч нар өөрийнхөө байгууллагын төлөө зүтгэнэ. Үнэнч гэж жигтэйхэн. Өөрийн эмнэлгийн аппаратын зургийг л уншиж чадна. Өөр эмнэлгийнхийг уншиж чадахгүй. Аргагүй, эмнэлэгт нь орлого орж байж шинжилгээний хариу уншдаг мэдлэг нь ажиллаж эхэлдэг байж таарах нь. Тэгээд ч өөр эмнэлэгт орлого оруулж, томограф хийлгэсэн байхад яахаараа түүнийг нь ажлаа алдаж уншиж өгөх ёстой гэж. Эмч нарын, эмнэлэг ажиллуулж, ашиг олох гэж зүтгэж байгаа хүмүүсийн түмэн зөв.
Тиймээс эрүүл мэндээ бодож, оношоо зөв тодорхойлуулж, эрүүл саруул байя гэвэл таван өөр эмнэлэгт үзүүл. Таван удаа шинжилгээ хийлгэ. Бүгдээрээ таныг “Ханиад хүрчээ” гэж дуу нэг хүлээн зөвшөөрвөл эмийн санчаас очоод ямар эм авч болох талаар асуугаад л гүйцээ. Эм хэрэггүй, гэртээ хариад адууны махтай, аарцтай шөл хийгээд идчих гэвэл асуудал шийдэгдлээ. Бас таван өөр аптекаас ч эм авах шаардлага гарна шүү. Хамгийн чухал нь бид банкуудаа эрсдэлд оруулж, эмч нарынхаа орлогыг багасгаж болохгүй. Гишүүдийнхээ тансаглалыг ч танах учиргүй. Түүний төлөө өглөөнөөс орой болтол тамираа тасартал ажилла, татвараа олигтой төл. Өртэй монгол хүн та биеэ сайн бодоорой.