Дэлхийд Монгол хэмээн нэрлэгддэг нэгэн сонин улс бий. Төв Азийн тэгш өндөрлөгт үеийн үед нүүдэллэж, дэлхийн долоон томоохон төрт улсыг байгуулж ирсэн нүүдэлчин ард түмэн. Өмнө зүгт орших суурин соёл иргэншилтэй Хан үндэстнийг уулгалан довтолж, туж айлгасандаа дэлхийн хамгийн урт цагаан хэрмийг хүртэл бариулж чадсан дайнч зон. Түүгээр ч зогсохгүй дэлхийн талыг эзэгнэж явсан хүчирхэг хүмүүс. Харин эдүгээ Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, мөн нэг хүнд оногдох байгалийн баялгаараа дэлхийн тэргүүн улсуудын эгнээнд жагсаж байна. Түүн дээрээ нэмээд нэг хүнд оногдох малын тоогоороо ч манлайлж явна.
Түүхэндээ Ази тивийн хамгийн анхны коммунист улс болж байсан бол эдүгээ хөршүүд дундаасаа ганцаараа ардчиллын баян бүрд хэмээн цоллуулж сууна. Монгол хүн дэлхийн хамгийн том тархитай хүнд тооцогддог бол мөн оюуны чадамжаараа буюу IQ-гаараа ч тэр дэлхийд эхний байранд өрсөлддөг. Мөн бүгд шахуу бичиг үсэг тайлагдсан хэмээн НҮБ-аас гэрчилгээ хүртэл авч байсан удаатай. Эдүгээ гар утас хэрэглэгчдийн тоогоор дэлхийд тэргүүлж, түүнийгээ дагаад хамгийн их идэвхтэй нийгмийн сүлжээ хэрэглэгчийн тоогоороо ч дэлхийд манлайлж байна. Мөн садар самуун контент үзэлтээрээ ч түрүүлдэг аж. Нэмээд эхлэхэд нэг хүнд оногдох олимпын медальтны тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэрнээ хүн ард нь хамгийн их таргалалттай, буруу хооллолттой орны тоонд мөн л ордог.
Нэг хүнд оногдох архины хэмжээгээр ч дэлхийд тэргүүлдэг. Харин нэг хүнд оногдох орон сууцаараа тэргүүлдэг ч, харамсалтай нь айл өрхийнх нь 70 гаруй хувь нь уламжлалт сууц буюу инженерийн шийдэлгүй гэр буюу орон сууцанд амьдардаг, ийм л орон. За тэгээд улсын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот. Мөн хамгийн их агаарын бохирдолтой утаатай нийслэл. Элэг, уушгины хорт хавдар, сүрьеэ тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөр ч дэлхийд тэргүүлж байна. Дээрээс нэмээд гуравхан зүйлийг хэлэхэд авлигалаараа, өрөөрөө, өрсөлдөх чадваргүйгээрээ дэлхийн улсуудыг манлайлж явна. Бид яалт ч үгүй дэлхийн энтэй Монгол.