ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уучлал гуйсан хулгайч болгоныг шоронгоос сулла

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-07

УИХ-ын гишүүдийн зарим нь арилжааны банкны зээлийн хүүд дарлуулж, нөгөө нэг нь улсдаа хэрэгтэй ажил хийхээр, үхэр тэжээх гэж, зарим нь хүүгээ бизнесийн дөртэй болгох гэж зээл авчээ. Бүр ав гэж шахахаар нь ЖДҮХС-гаас 950 саяас эхлээд 1.4 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авчихсан юм байх. Хэнийг нь ч буруутгах юм билээ. Бүгдийнх нь зорилгыг буруу гэх аргагүй. Арилжааны банкны зээлийн хүү хэт өндөр, дарамт болж байгааг бүгд л мэднэ. Гишүүдэд ч гэсэн хэцүү байж таарна.  Авахаас энэ хэд өөрийнхөө сайн дураар, зарим нь шахуулж байж, жаахан их зантай, ихэрхүү бардам нь “Гуй гэсэн болохоор гуйя даа” хэмээн ханхалзсаар өөр өөрийнхөөрөө уучлалт гуйлаа. Овоо доо.  Намын дарга нь ч тэднийг уучлал гуйсан гээд ЖДҮХС-гаас “хуссан” мөнгийг нь төлүүлээд өнгөрөх бололтой юм.

Яг төлүүлэх эсэхийг ч бүү мэд.  Ер нь авсан мөнгийг нь төлүүлж, толгойг нь илж болдог юм бол хулгайн хэргээр хоригдож байгаа залуусыг ч “уучлаарай” гэж хэлүүлээд суллачихгүй юу даа. Бодвол ихэнх нь хохирлоо барагдуулаад, хулгайлсан эд зүйлийнхээ мөнгийг төлсөн байж таараа. Төлөөгүй нэгээр нь төлүүлж, ард түмний өмнө телевизээр уучлал гуйлгаад гүйцээ.  Гишүүд том “хулгай” хийдэг юм байна. Иргэд сайндаа л 9.5 саяын хулгай хийсэн байгаа. Том хөдөлсөн нь уучлал гуйсан дүр үзүүлээд, уурлаж гуйгаад, “төлчихнө” гэж томроод зүгээр үлддэг.  Бага хөдөлсөн нь шоронд суудаг байж таарах уу. Адилдаа адил хойно, уучлал гуйсан хулгайч бүрийг шоронгоос сулла. Тэд харин ч дуртай уучлал гуйна. Сөгдөөд гуйж ч чадна. Хорих ангийн ачаалал багасаж, шинэ шорон нэмж барихгүй амар биз.