2018 он гарснаас хойш төмөр замтай холбоотой гурван ч осол гарлаа. Үүний улмаас нэг хүний амь нас хохирсон гэх албан бус мэдээлэл байна. Гэвч УБТЗ ХНН-ээр “Лексус-570” машин худалдан авхуулж унасан хэмээн шүүмжлүүлж буй Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар уг асуудлыг тас нууцлах эсвэл бурууг бусдад тохож, хариуцлагыг өөрөөсөө зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлэсээр өнөөдрийг хүрсэн юм.
Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Дархан-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн гал тэрэгний хамгийн урд талын зүтгүүрт гал гарсан ноцтой хэрэг гарсан юм. Уг осол Дархан хотоос Эрдэнэт хот руу салдаг автозамын уулзвар дээр болсон бөгөөд хоёр машинист уг галыг унтрааж буйг нэг иргэн утсаараа бичиж олон нийтэд дэлгэж байв.
Хэрвээ зүтгүүрт гал гарсныг машинистууд тэр даруйд мэдээгүй бол гал арын вагонууд руу маш хурдан тархаж, тухайн галт тэргээр зорчиж байсан олон зуун хүний амь, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох байжээ. УБТЗ ХНН-ээс хав дарсан уг галын ослын үеэр нэг хүний амь нас эрсэдсэн хэмээн @Бачка хаягтай хүн твиттерт жиргэсэн юм. Энэ талаар Төмөр замын цагдаагийн хэвлэлийн ажилтантай холбогдож тодруулахад тус мэдээллийг эрс үгүйсгэлээ. Олон нийтийн сүлжээгээр анх цацагдаж, иргэдийн сонорт хүрсэн “Зүтгүүр шатсан хэрэг”-ийн шалтгаан нөхцөл, улсад учирсан хохирол, хариуцлага алдсан хүний талаар УБТЗ ХНН-ээс ямар ч тайлбар, мэдээлэл хийгээгүй юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 03-ны өдөр “Дархан-2 өртөөний нэгдүгээр замд байсан хоёр вагонд ивүүр тавиагүйн улмаас вагон өнхөрч гол зам руу орсон” талаар тус өртөөний хоёр ажилтан хоорондоо бичсэн мессэж олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэллээ. Уг ослын улмаас ямар нэгэн бодит хохирол учраагүй ч гэлээ цаг тухайд нь уг асуудлыг шийдвэрлээгүй бол тус вагонууд орон нутгийн болон олон улсын вагонтой мөргөлдөж болох байжээ.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн пүрэв гарагийн 15:15 цагт Дархан-1 өртөөний 16 дугаар замаар ОХУ-аас БНХАУ-ын хооронд тээвэрлэлт хийж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний дунд хэсэг буюу 15-24 дэх вагон замаасаа гарч унасан юм. Ослын голомтод УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон Дархан өртөөний 322 албан хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр ажилласны эцэст 24 цагийн дараа буюу маргааш оройн 16.00 цагийн үед эвдэрсэн замыг засч дуусгажээ.
УБТЗ ХНН-ээс хийсэн мэдэгдэлдээ “Төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан” гэх дүгнэлтээ танилцуулсан юм. УБТЗ ХНН-ээс яаран сандран хийсэн уг дүгнэлт нь бодит үнэнээс хол зөрүүтэй, тухайн байгууллагын удирдлагууд өөрсдийгөө зөвтгөх үүднээс хийсэн тайлбар хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна. Төмөр замын инженер Б.Баярсайхан “Дархан-1 өртөөнд осол болсон газрын тухайн хэсэгт гурван модон дэр нэг, бетон дэр гэж схемчилэн сольсон байсан. Шалтгаан нь тодорхой биш байхад дэр мод ялзарсанаас болсон гэж дүгнэж болохгүй. Олон улсын мэргэжилтэн, экспертүүд хэрэв зүтгүүр болон эхний вагон замаас гараагүй, цувааны дунд болон сүүлээс вагон замаас гарсан бол замаас шалтгаалахгүй гэж үздэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн байв.
УБТЗ ХНН-тэй холбоотой осол он гарснаас хойш гэхэд гурван удаа гараад байна. Иргэдэд мэдэгдэхгүйгээр нууцалсан өөр хэчнээн зөрчил байгааг бид мэдэхгүй. Өнгөрсөн пүрэв гарагт болсон ослын талаар УБТЗ ХНН-ийн Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндоржтой осол болсноос хойш гурван цагийн дараа холбогдож тодруулахад “Дархан өртөөнд ямар ч осол гараагүй. Буруу ташаа мэдээлэл хэн нэгнээс авчихаад түүнийгээ олон нийтэд дэлгэхгүй байхыг хүсье” хэмээн худал хэлж байв. Үүнээс үзвэл тус байгууллагын удирдлагууд арьсаа хамгаалахын төлөө юуг ч, яаж ч нууцалж магадгүй байна.
Хэдийгээр төмөр замд гарсан дээрх ослуудтай Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар шууд холбоогүй байж болох ч тухайн салбарыг удирдаж, бодлогыг нь тодорхойлж байгаагийн хувьд шууд болон ёс зүйн хариуцлага хүлээх ёстой юм.
Монголын төмөр замын удирдлагууд албан тушаалдаа үлдэхийн тулд олон тэрбумын үнэтэй зүтгүүр шатсан хэргийг тас нууцалж, олон вагон замаасаа гарч осолдсон хэргийг ялзарсан дэр модноос болсон хэмээн бодит үнэнээс зөрүүтэй мэдээлж өөрсдийгөө хаацайлдаг байдлыг үүгээр таслан зогсоох ёстой. Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нартай хариуцлага тооцохгүйгээр төмөр замын салбараа ирээдүйд гарч болох эрсдлээс хамгаалж чадахгүй.
Төмөр замтай холбоотой асуудал нь олон хүний амь нас, эрүүл мэнд, асар их хэмжээний эд хөрөнгөтэй холбоотой байдаг учраас дэлхийн улс орнууд төмөр замынхаа аюулгүй байдал, сахилга батад онцгой анхаарал хандуулдаг аж. Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Японы Токио хотод үйлчилдэг “Метрополитан Интерсити Райлвэй” ХХК-ийн “Цукуба Экспресс” шугамын галт тэрэг хуваарьт цагаасаа 20 секундын өмнө хөдөлсний төлөө тус компанийн удирдлагууд нийт иргэдээсээ уучлалт гуйж байсан юм. Тэгэхэд гурван сар гаруйн хугацаанд гурван удаагийн ноцтой зөрчил гаргасан дээрх хүмүүс уучлалт гуйх нь бүү хэл ялзарсан дэр мод болон байгалиас мод огтолж дэр мод бэлтгэхийг хориглосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асны шийдвэрийг буруутгаад зогсож байна.