ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Япончууд наслалтаараа, харин бид ааг омгоороо илүүрхэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-22

Гайхаад болдоггүй ээ, япончуудыг. Тэд далий ягаан цэцгэнд сууж, хаврын ядаргаагаа тайлахгүй. Яргуй идсэн ямааны мах хайж, хөдөө орон нутаг руу явахгүй. Бор гөрөөсний бүлээн цус бүр ч уухгүй. Тарваганы хүн мах, элэг, цөс тэргүүтнийг түүхийгээр нь идэж биеэ эмчлэхгүй. Тэгсэн атлаа л урт наслалтаараа дэлхийд тэргүүлээд байх юм. 
 

Урт наслах хамгийн энгийн арга нь хоол хүнс гэлцдэг. Гэвч, хэдийнээс байгаль, дэлхийтэйгээ нягт холбоотой байсан монголчууд хамаг уламжлалт аргаа хэрэглээд ч япончуудыг бараадахгүй байгаа нь сонин. 
 

Ганц жишээ дурьдахад, далий ягаан цэцгийг “Азийн сарнай” гэх юм билээ. Монгол оронд зун айлчилсныг зарладаг цэцэгсийн нэг болох энэ ургамал тавдугаар сарын эхээр цэцэглээд, долоо хоногийн дараа хагдардаг. Харин дөнгөж цэцэглэх үед нь бутан дунд нь сууж, “далийвал” тайвширч, алжаал нь тайлагддаг гэдгийг монголчууд эртнээс тогтоосон. Даанч зарим орны хэт мэдэмхий эрдэмтэд далий ягаан мансууруулах үйлчилгээтэй гэж цуураад байгаа болохоос биш.  

Гэхдээ бидэнд тэдний урд гишгэх зүйл бий. Урт наслалтаараа тэргүүлж чаддаггүй юмаа гэхэд уур омгоороо бид япончуудын дор лав орохгүй. Бие хаагаараа харуудыг, билэг оюунаараа Еврейг, нуруугаараа Европыг, наслалтаараа Японыг барахгүй ч, ааг омог, атаа хорслоороо хаана ч тэргүүлнэ. Худлаа гэвэл нийгмийн сүлжээ, мэдээллийн сайтын сэтгэгдлийг уншаарай.