ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЖДҮХС-гаас зээл авсан хэдийгээ одоо мартая

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-12

УИХ-ын гишүүдийн зарим нь банкны хүүд дарлуулаад, нөгөө нэг нь мэдлэг мэдээлэл дутуудаа, бүр өөр нэг нь мэдээлэлд ойр байгаа учраас ЖДҮХС-гаас зээл авчихаж. Хөөрхийс минь, хэн хэнийх нь зөв. Сүүлдээ сайн дураараа, сайдынхаа тушаалаар уучлал гуйлаа. Зарим нь ч уучлал гуйсангүй. Ард түмэн тэднийг уучлахгүй гэдгээ илэрхийлсээр. Халууны шил аль хэдийнэ 40 градусыг давж ахуйд Чингис хааны төрсөн өдөр тохиов. Энэ тохиолыг эрх баригчид яаж зүгээр өнгөрөөх билээ. Баасан гарагийг нэмээд амралтын өдөр болгосноор улс даяараа дөрөв хоног амрав.

Цаад зорилго нь ЖДҮХС-гийн зээлийг мартуулах зорилготой байсан нь ойлгомжтой. Гэтэл дөрвийн дөрөв хоног амрааж, буян болж байхад ард түмэн минь, алдарт жиргэгчид минь мартаач ээ. Цаад хэдэд чинь үнэхээр хэцүү байгаа.  Хурал, чуулган болгоноор шударга ёс ярьж байдаг хэд минь дуугаа хурааж эхэллээ. Соошл ертөнцөд идэвхтэй байдаг хэдийнх нь сураг тасарлаа.  Зарим нь зээлээ төлөх гээд арилжааны банкны айхтар өндөр хүүг ч үл хайхран хэд гурван төгрөг зээлж байгаа сурагтай. Гуравхан сая хүнээ хэдэн жил ядуу амьдруулж, өөрсдөө “алтан уул” босгох гэж зовсон хэдийгээ бодохоор өрөвдөөд байх юм.

Энэ их баялагтай, өргөн уудам газар нутагтай, олон сая малтай улсын гуравхан сая иргэнийг элгээр нь мөлхүүлнэ гэдэг дэлхийн аль ч улсын удирдагчдаас гарахгүй нарийн ухаан.  Тийм их ухаан зарсан хэдийгээ ингэж хамаагүй айлгаж, ичээж, бүр банкнаас зээл авахуулах дээрээ тулгаж байдаг бид ч бас муу иргэд юм. Ардаараа овоглосон намын 10, 20-хон гишүүн жаахан баяжаа л биз, ямар хамаа байна аа. Одоо март март. Мартахгүй бол маргаашнаас эхлээд дахиад амраана шүү, наадуул чинь.