ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буруутай, буруугүй

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-11-13

ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэлтэн, хань хамсаатандаа олгож байгаад баригдсан “нохой” хочит, сайд асан Б.Батзориг гишүүн маань нэг харахаар буруутай ч юм шиг, нөгөө харахаар буруугүй ч юм шиг л байна. Тухайлбал, өөрийнхөө болон нэг намын найз нөхдийн компанид ЖДҮ-ийн зээлийг олгосныг нь бодохоор буруутай ч юм шиг. Харин өөрөө “би компанидаа зээл олгоогүй, миний компани биш” гэж мэдэгдэл хийхийг нь сонсохоор буруугүй ч юм шиг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нь өнөөх компани нь яалт ч үгүй өөрийнх нь нэр дээр цагаан дээр хараар байгааг бодохоор буруутай юм шиг. Түүнийгээ үгүйсгэж ёс зүйн хариуцлага хүлээлээ хэмээн ажлаа өгснийг нь санахаар буруугүй ч юм шиг.

Тэгээд бас хуулийн байгууллагаас шалгана хэмээн УИХ-д санал оруулсныг нь бодохоор буруутай ч юм шиг. Намынх нь нөхөд нь буруугүй хэмээн хэлэлцээд авч үлдэж байгааг нь бодохоор буруугүй ч юм шиг. Гэтэл нийгэм даяараа энэ үзэгдлийг жигшин зэвүүцэхийг нь харахаар буруутай ч юм шиг. Гэргий үр хүүхэд нь, тэгээд бас өөрөө өөрийгөө өмөөрөхийг нь ажиглахаар буруугүй ч юм шиг л байна. Үнэнийг хэлэхэд, бид бөөн л эргэлзээнд дунд л амьдарч байна даа. Ерөөсөө манай нохой босгосон, ихээхэн хийсэн ажилтай гишүүн маань анхнаасаа л биднийхээ толгойг эргүүлж амьдарсан нөхөр л дөө. Нохойн хөшөө босгосныг нь бодохоор тэнэг ч юм шиг. Өнөөх нь өнөө дүүргийн өвчнийг багасгасан болохоор ухаантай ч юм шиг. Чойжин ламын сүм музейн эзэмшлийн газрыг авсан болохоор луйварчин ч юм шиг. Шүүхээр түүний зөв хэмээн шийдвэр гарсан болохооор шударга хүн ч юм шиг. Ер нь энэ хүн их сонин хүн байна. Надаас хэрвээ энэ хүн буруутай юу гэж асуувал. Би лав буруутай бөгөөд буруугүй л гэж хариулна.