ЖДҮХС-гаас Засгийн газрын сайдууд, УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал хүмүүс бага хүүтэй, их хэмжээний мөнгийг зээлсэн асуудалд олон нийт маш их бухимдаж байгаа билээ. Монголчууд шударга ёсыг нэхэмжлэн янз, янзын хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Үүний нэг тод жишээ бол Сүхбаатарын талбайд өчигдөр 11:00 цагт “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний жагсаал байлаа. Тус жагсаалд сайн дураараа санал нэгдсэн 600 гаруй хүн иржээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тулган шаардлага хүргүүлж, “Иргэдийнхээ боломжийг дээрэмдэж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуул. Бид уучлалыг хүлээж авахгүй” гэдгээ жагсаалын үеэр илэрхийлж байсан юм.
Жагсагчид нийгэмд эмх замбараагүй байдлыг үүсгэхгүйн тулд шаардлагынхаа хариуг автлаа “Сүхбаатарын хөшөөний өмнө тарахгүй хүлээнэ” хэмээн олны дундаас нэгэн залуу чанга дуугаар хэлж, бусаддаа уриалж байв. Тэдний дунд олон нийтийг буруу зүйлд турхирах, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн санаа агуулсан нэг ч иргэн байгаагүйг онцолоё байна. Хамгийн чухал зүйл нь хариуцлага тооцож чаддаггүй, эрх зүйн чадамжгүй төр засаг, иргэдийнхээ халаасыг хоосолдог увайгүй бодлоготой УИХ-ыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь энэ аж. Жагсагчдын харагдах байдал, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаагаас энэ нь тодхон харагдаж байсан юм. Өвлийн жихүүн өдрүүдтэй зэрэгцэн, хүйтэн шалан дээр суугаа тэдэнд үзэл бодлоо хэлж, болохгүй бүтэхгүй бүхэнтэй тэмцэх нь илүүтэй чухал болсон нь харваас илт анзаарагдана. Жагсагчдын зүгээс “Монголчууд өнөөдөр ядарч явах заяатай ард түмэн биш. Ууж, идэж ханадаггүй өлөн төртэй бид 28 жил зовлоо. УИХ-ын 76 гишүүн яасан ууж, идэж, хулгайлж ханадаггүй юм бэ. Бид өнөөдөр нам гэж талцахгүй. Өлсөөд үхэх бол өлсөе Тэмцээд үхдэг амь байдаг юм бол тэмцье. Эх орон, газар шорооны төлөө тэмцэх цаг болсон. Бидэнд өлсөж, жагсаж, тэмцэж, сууж чадах зориг байна” хэмээн хэлж, чанга дуугаар “Шаардаж байна, шаардаж байна, шаардаж байна, уухай, уухай, уухай” хэмээн орилж байсан юм.
Ингээд иргэдийн байр суурийг хүргэж байна.
Иргэн:
-Эрх ашгийнхаа төлөө нэгдэн жагсаж байна. Иргэдэд өндөр хувийн хүүтэй зээл өгчихөөд, өөрсдөө яагаад бага хүүтэй зээл авч байгаа юм бэ. Үнэхээр шударга бус байна. Шаардлагатай бол ямар ч хэлбэрээр тэмцэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө зээл авахаар хандаж байсан. Тэр үед банкаар дамжуулж байсан учир авч чадаагүй. Хувираа хөдөлмөр эрхлээд өнөөдөр, өндөр хүүтэй зээл төлөөд явж байна.
Иргэн:
-Хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө хулгайлж цуглуулчихаад, цөөхөн хэдэн хүмүүсийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх мөнгөнөөс дахин хулгайлж байна. Яасан их шуналтай, ичдэггүй, зовдоггүй хүмүүс вэ. Үүнд монголчууд бухимдаж бас гайхаж байна. Үр хүүхдийнхээ төлөө нэгдэн жагсаж байна.
Иргэн:
-Би үйлдвэрлэгч хүн. Бид өмнө нь хулгайлж байхад нь дуугүй л байсан. Одоо тэсэхгүй. Одоо биднийг дээрэмдэж эхэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчид ямар хэн дуртай нь шараад иддэг загас юм уу. Монгол хүн та хаана байна. Хулгайч гишүүдтэй УИХ-ыг тарахыг шаардаж байна. Бид уучлахгүй.
Иргэн:
-Иргэдээ мөлждөг, шулдаг, дарамталдаг, доромжилдог УИХ-ыг тарахыг шаардаж байна. Бид УИХ-ыг тартал нь тэмцэнэ. Ингэж дарлуулж, доромжлуулж чадахгүй. Тэсвэрийн хязгаар дууслаа. Хулгайчидтай тэмцэж, Монголын төрийг цэвэрлэнэ. Авлигаас өөр хийх ажилгүй УИХ-ыг тарахыг шаардаж байна. Бидэнд нам хэрэггүй. Цэвэр төр, эх орон хэрэгтэй.