ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-16

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Хоригоо Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэв. Тус хоригт “УИХ энэ  сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж, энэ сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн. 2019 оны төсвийн талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан. Энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5-8 тэрбум хүртэл өсгөх, УИХ-ын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь парламентын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна.

Түүнчлэн төсөв батлахад УИХ-ын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг УИХ-д дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна.
Төсвийн нийт зарлага 11.5, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан.

Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн. Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.