Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын журмын талаар ТЕГ-ын Татварын улсын ахлах байцаагч И.Мөнхцэцэгээс тодрууллаа.
-Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын журамд өөрчлөлт орсон уу. Материалуудыг хэзээ хүлээж авч эхлэх вэ?
-Энэ жилийн хувьд онцгойлон өөрчлөгдсөн юм байхгүй. 2007 онд батлагдсан хууль хэвээрээ байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэд тухайн татварын жилээ дуусгаад, дараагийн жилийн нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй. Тайлан гаргаж өгөхдөө хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр бол нэмэлт материалуудыг бүрдүүлж өгөх ёстой юм. Тухайлбал, орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх бол эхний жилд татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хувь хүний орлогын албан татварын тайлан, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт зэрэг материалуудыг хуулбарын хамт бүрдүүлэх шаардлагатай. Харин сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд мөн хувь хүний орлогын албан татварын тайлан, татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, сургалтын төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт, орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримтуудыг бүрдүүлэх ёстой. Бүрдүүлэх материалуудын жагсаалтыг ТЕГ-ын сайтад дэлгэрэнгүй байршуулсан байгаа.
-Хувьдаа байшин барьсан бол хөнгөлөлтөд хамрагдаж болно гэсэн үг үү?
-Тийм ээ болно. ТЕГ-ын цахим хуудсанд ямар тохиолдолд татварын буцаалт авах талаар мэдээлэл дэлгэрэнгүй байгаа.
-Орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамгийн ихдээ хэдэн удаа хамрагдах боломжтой вэ. Хязгаар байдаг уу?
-Мэргэжлийн их, дээд сургуульд сурч байгаа л бол сургуулиа төгстлөө тухайн хөнгөлөлтийг эдлэх эрхтэй. Харин орон сууцны хувьд нэг удаа хамрагдах боломжтой.
-Сургалтын төлбөр, орон сууцнаас өөр ямар тохиолдлуудад хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй вэ?
-Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 16 төрлийн чөлөөлөлт, таван төрлийн хөнгөлөлт эдэлдэг. Эдгээрээс иргэдийн хамгийн сайн мэддэг нь амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдаж авсан, эсвэл орон сууц, байшин барьсан бол тухайн орлогоо татвар ногдох орлогоос чөлөөлүүлж, хөнгөлөлтөө эдэлдэг явдал юм. Эдгээрээс гадна хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80-аас дээш хувиар алдсан иргэд өөрийнхөө орлогыг албан татвараас чөлөөлүүлдэг. Энэ орлогыг чөлөөлөхдөө тухайн иргэний ажил олгогч нь албан татвар ногдуулахгүйгээр чөлөөлөөд явдаг учраас тусгайлан материал бүрдүүлэх шаардлагагүй байдаг. Бусад чөлөөлөлтүүдийн хувьд суутгагч этгээд нь чөлөөлөлтийг эдлүүлдэг учраас тусгайлан материал бүрдүүлнэ. Жишээлбэл, НӨАТ-ын урамшууллын орлого албан татвараас чөлөөлөгддөг шүү дээ. Урамшууллыг төрөөс олгохдоо ямар нэг албан татвар суутгахгүйгээр иргэдэд олгож байна. Энэ нь чөлөөлөлтөө эдлүүлчихэж байна гэсэн үг.
-Бүрдүүлсэн материалаа хаана өгөх вэ?
-Харьяа дүүргийнхээ татварын албанд хандана. Харьяаллыг иргэний үнэмлэхээр тогтооно. Харин шилжин суусан бол өмнөх харьяаллын татварын албанаас шилжүүлгээ заавал хийлгэсэн байх ёстой. Ингэснээр тухайн татварын албанд тайлангаа өгөх эрх үүснэ.
-Материал хүлээж авснаас хойш хэр хугацаанд хөнгөлөлт, чөлөөлөлтийнм мөнгө орох вэ?
-Иргэд дараа оныхоо хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа өгөх ёстой. Ингээд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл үүссэн бол нэмэлт материалаа бүрдүүлээд хөнгөлөлтөө эдэлнэ. Тиймээс хоёрдугаар сарын 15-ныг дуустал татварын алба тайлангаа хүлээж авна. Дараа нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр материал ирүүлсэн иргэдийн материалыг хянаж, шалгана. Үүний дараа Төрийн сан руу материалаа бэлтгэж явуулдаг. Мөнгө нь төрийн сангаас ордог учраас хэдий хугацаанд мөнгө орох нь төрийн сангаас шалтгаалдаг гэсэн үг.
-Хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл үүссэн иргэд нэмэлт материал бүрдүүлнэ гэлээ. Тэгэхлээр тайлан өгсөн хүн бүр хөнгөлөлт эдлэхгүй гэж ойлгож болох уу?
-Хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх нөхцөл үүссэн иргэд тайлангаа гаргаж, ирүүлнэ. Хуулийн дагуу бол бизнес эрхэлж байгаа, тодорхой үйл ажиллагаа эрхэлж, орлого олсон хувь хүмүүс тайлан гаргаж өгөх үүрэгтэй. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй ч гэсэн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл үүссэн хувь хүмүүс мөн тайлан гаргаж өгнө.
-Орон сууц худалдан авсан бол хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл үүснэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ орон сууцны хувьд зөвхөн нэг л удаа хөнгөлөлт эдлэх эрхтэй.