ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгосын найруулагч нарт сэдэв нийлүүлэхсэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-19

Элдэв нууцлаг хэргийн зангилаа, хүний хуурамч багийн тухай голчлон өгүүлдэг  солонгосын олон ангит цуврал кинонуудыг бид 20 жил шимтэж үзлээ. Гэвч уйдах нь  бүү хэл улам л амтанд нь орж, үзэж буй киноныхоо үйл явдлыг хүртэл төвөггүй урьдчилан тааварлах зэргийн туршлагыг хуримтлуулаад байгаа. Тэгвэл биднийг дэлгэцийн өмнө уяж чадах энэ төрлөөр жинхэнэ шуугиулсан кино хийх сэдвийг манай улстөрчид харамгүй дэлгэж байна. Овсгоотой, сэргэлэн найруулагч бол ЖДҮ-ийн зээл, АСЕМ, Хөгжлийн банкны асуудал гээд улс төрийг тойрсон энэ олон хэргийг зүгээр нэг гайхаж, цочирдоод өнгөрүүлэхгүй дээ.

Дэндүү хайран санагдана. Зөвхөн ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын тухай л гэхэд багадаа л 300 анги лавтай гарах биз. Түүний араас АСЕМ, Хөгжлийн банкны хэргүүдийн талаар цуврал кино хийвэл ойрын хэдэн жилдээ л олон ангит киноныхон подхийгээд явчихна. Бидэнд сэдэв нь байгаа ч, кино хийх бэл бэнчин, туршлага дутмаг учраас энэ төрлийн киногоор гаршсан Солонгосын найруулагчдад дуулгахсан. Тэгвэл жинхэнэ далд дээрэмдэлт, дүр үзүүлэлт, хуурамч байдал зэргийг цогцоор нь харуулсан даацтай уран бүтээл гарах нь дамжиггүй. Мэдээж түүнд хачир, чимэг болох хайрын адармаат түүхүүд ч багагүй байгааг туршлагатай найруулагч юу эс андах вэ.

Зөвхөн Засгийн газрын мэдэлд байгаа 27 санг шалгалаа гэхэд сүүлийн хэдэн жилийн гэмт хэргийн тухай цуврал киноны сэдэв хангагдана. Онц, сонирхолтой цуврал киноны арвин их сэдвийг киноны зах зээлд нийлүүлэх боломж бидэнд байна. Тиймээс дэмий бухимдаж, гомдоллож суух цаг биш. Зээлд хамрагдаж чаддаггүй юм гэхэд түшээдийнхээ харамгүй цацаж байгаа арвин сэдвүүдийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж, солонгос найруулагч нартай холбогдох цаг болсон шүү та минь. Ингэж чадвал төрийн түшээддээ талархах шалтгаан олдох ч юм билүү.