Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд сүүлийн 14 хоногийн байдлаар өндөр настай ахмадууд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Мөн хүүхдийн кабинетууд уртатгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17-22 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 11-18 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй юм. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчин хатгалгаа, үлдсэн хувь нь суулгалт гэсэн оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотой дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг гаргасан төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллаж байгааг эмч нар хэллээ.
Мөн “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн орны нөөц хангалттай байдаг. Өөрөөр хэлбэл эмнэлэг өөрсдийн боломж нөөцөөр 100 ор, МУЗН-ээс 50 ор өгчээ. Харин эм тарианы хувьд нэг улирлын нөөц байна” гэжээ.