ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Болордөлгөөн: Нийслэл хотын хэмжээнд 540 цэгт “U money” карт цэнэглэдэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-27

“Улаанбаатар смарт карт” компанийн Борлуулалт, цэнэглэх төв хариуцсан менежер М.Болордөлгөөнөөс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Өнгөрсөн өвөл мэдээлэл хийхдээ автобусны буудал болгонд карт цэнэглэх төв байгуулна гэсэн. Гэвч энэ нь ажил хэрэг болж чадаагүй байна. Нийт хэдэн газарт карт цэнэглэх төв байна вэ? 
-Нийслэл хотын хэмжээнд 540 гаруй карт цэнэглэх төв ажиллаж байна. Мэдээж автобусны буу­дал болгонд байгуулахыг зорьж ажилладаг. Цэнэглэх үйлчилгээ хийх газар байна, хийхгүй газрууд ч байгаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа “Circle K” сүлжээ дэлгүүрийн салбаруудаар 24 цагийн цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлээд байна. 

-Энэ сүлжээ дэлгүүр нийт хичнээн газар байгаа бол? 
-Нийт 11 салбар одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Багшийн дээд болон Спортын төв ордны дэргэд байгаа. Мөн Ард кино театр, Хорооллын 1000 нэрийн бараа, Модны-2, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд байгаа. Эдгээр дэлгүүрт байршуулснаар нэлээд өргөн хүрээг хамрах болов уу гэж бодож байгаа. Цаашдаа сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэх бүрт манай гэрээт салбар ч дагаад нэмэгдэнэ гэсэн үг. 

-Цэнэглэх төвүүд хэдээс хэдэн цагийн хооронд ажиллах ёстой юм бол. Хүмүүс ажилдаа явах гэхээр хаалттай байдаг. Орой тараад цэнэглэх гэхээр хаачихсан байх жишээтэй? 
-Өглөө 07:00 цагаас эхлээд ажиллах хууль ёсны гэрээтэй. Мөн зарим үйлчилгээний төв, ТҮЦ-үүд ажлын цагийн хуваарийн дагуу ажилладаг. Сарын мэдээллээр бүх цагуудыг хянаж үзэхэд 09:00 цагаас өмнө онгойж байсан. Карт цэнэглэсэн бүх мэдээлэл системд ирдэг. Хамгийн эхэнд хэдэн цагт цэнэглэв, хамгийн сүүлд хаана цэнэглэв гэх мэтээр мэдээлэл ирдэг. Тусгайлсан үйлчилгээ буюу зөвхөн “U money” карт цэнэглэхийн тулд өглөө 07:00 цагт онгойх боломжгүй ТҮЦ, үйлчилгээний төвүүд 09:00 цагаас эхлэн карт цэнэглэх үйлчилгээ явуулж байгаа. Гэхдээ ТҮЦ-үүд онгойхгүй байвал хажууд нь карт цэнэглэх төв байршуулсан гэх мэтээр асуудлыг шийдэх чиглэлд ажиллаж байна. 

-Гэхдээ та нарын өгөөд байгаа мэдээлэл, иргэдийн гомдол хоёр зөрүүтэй байна. Гэрээт цэг гэхгүйгээр зөвхөн карт цэнэглэх төвөө ажиллуулж болохгүй юм уу? 
-Манайх нийслэлтэй ярилцаж байгаад 124 байршил батлуулсан. Туршилтын журмаар ажиллуулж эхэлчихсэн. Дараагийн үе шатанд хэд хэдэн байршил нэмж байгуулна гэж төлөвлөсөн. Сардаа гурваас дээш удаа гомдол ирвэл тухайн гэрээт цэгийн хамтарч ажиллах гэрээг цуцалдаг. Гэхдээ тухайн автобусны буудлын орчим өөр U money үйлчилгээ явуулах гэрээт цэг байхгүй тохиолдолд гэрээг цуцлаад байвал манай үйлчилгээ улам л иргэдээс холдоно шүү дээ. Тиймээс асуудлыг аль болох зөв өнцгөөс зохицуулах гэж хичээдэг. Иргэдийн зүгээс ямар нэг гомдол саналтай байгаа бол 70151089 гэсэн хэрэглэгчийн дугаараар  мэдээллээ өгөх боломжтой. Бид таны гомдол саналыг цаг тухайд нь шийдээд явна.