ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Далай ламын шившлэгтэй дугаар аваарай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-27

Монголд шударга ёс, хууль журам завхарч, танилтай хүний  ажил бүтдэг болсон. Хэн, ямар байгууллагад том албан тушаал хашиж байгаа хүн таньдаг байна, түүний ажил бүтдэг болсон. Ард түмэнд ажлаа бүтээхийн тулд Гандан орж, хийморийн сан тавиулах л гарц байгаа. Тиймдээ ч лам нар баяжиж, сүм хийдүүдийн тоо нэмэгдсээр байна. Тэгвэл одооноос гандан орох шаардлагагүй боллоо. Таны ажил бүтэхгүй байгаа бол далай ламын шившлэгтэй дугаарыг яаж ийж байгаад л авчих.  Нэлээд үнэтэй юм билээ. 30 сая төгрөг. Гэхдээ энэ дугаарыг авснаас хойш ажил саадгүй бүтэх учраас байртай нь байраа зараад ч  хамаагүй ав. Төрийн өндөр албан тушаалтай хүмүүс нь ч гэсэн авчих хэрэгтэй.

Өнөө цагт уулзаж ярилцахаасаа илүү утсаар ажлаа бүтээдэг болчихсон. Тиймээс дарга нарт далай ламын шившлэгтэй дугаар  бүр ч хэрэгтэй. Ийм дугаартай байхад хэнтэй ч ярьсан ажил бүтнэ. Бүр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай ярьж, буцалтгүй тусламж гуйхгүй юу. ЖДҮ эрхлэгчид ч гэсэн далай ламын шившлэгтэй дугаар авах хэрэгтэй. Ном журмаар нь бичиг баримтаа бүрдүүлж өгөөд зээлд хамрагдаж чадахгүй бол далай ламын шившлэгтэй дугаараасаа салбарын сайд руу нь яриад л гүйцээ. Бүхэл бүтэн далай ламын шившлэгтэй дугаараас залгаж байхад 950 саяыг ч авахад асуудалгүй бүтнэ.  Нэг л асуудал байна, далай ламын шившлэгтэй дугаарын эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ ховор дугаар зарах гэж байгаа хүмүүс далай ламтай ойр ойрхон уулзах хэрэг гарах нь.  Эсвэл хэдэн мянган дугаар авч явж, далай ламаар шивлэг хийлгэх хэрэгтэй.