ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэлгэржаргал: БНХАУ-ын зүгээс боомт дээр смарт хаалгыг нэвтрүүлж байгаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-28

Тавантолгойгоос “Гашуунсухайт”, “Ганцмод” боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох  шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан билээ. Энэ талаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргалаас тодрууллаа. 

-Уртын урт тээвэр­лэлтийг  цуцалж, урт-богино болгох шийдвэр гарлаа. Ингэснээр урт дараалал үүсэж, жолооч нар замд  цагаа үрдэг байдал арилах уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Урт,  богино, уртын урт гэсэн гурван чиглэлээр нүүрсний тээвэрлэлт явдаг юм. Тухайлбал, уурхайгаас боомт хүртэл тээвэрлэлт хийдгийг нь уртын урт гэдэг. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, зогсоох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 130 км гаруй урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. 

-Ямар шалтгаанаас болж урт дугаарлал үүсэж байна вэ?
-БНХАУ-ын зүгээс боомт дээр смарт хаалгыг нэвтрүүлж байгаа. Энэ нь нэг машиныг 30 минутад бүртгэдэг болно гэсэн. Үүнийг бүх машинд хийж дуусгаснаар тээвэрлэлт хуучин гаралтаасаа гурав дахин хурдан байна гэж мэдээлж байна.  Энэхүү ажлыг хийж, дуусгахад цаг хугацаа жаахан орно гэсэн. Ойролцоогоор 15-20 хоногийн дотор бүртгэж дуусах байх гэж хүлээж байна. Нийтдээ замд 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл явж байгаа юм. 

-Танайхаас ямар нэгэн шуурхай арга хэмжээ авч байгаа юу?
-Тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан.  Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг Гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгасан.  Тэгэхгүй бол жолооч нарыг   замд нойр, хоолгүй олон хоног байлгах шаардлага­гүйгээр  асуудлыг шийдвэрлэж байна. Мөн  Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр ханган ажиллаж байгаа. 

-Одоогоор замд үүссэн цуваа хэдэн км байна вэ. Өдөрт хэчнээн тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна вэ?
-Боомтоос хойшоо 15 км-ийн урттай дараалалд машинууд зогсож байгаа. Өдөрт ойролцоогоор 200 тээврийн хэрэгсэл смарт хаалгаар хил нэвтэрч байна. 

-Нүүрс тээвэрлэх зөв­шөөрөлтэй хэчнээн тээврийн хэрэгсэл  байна вэ?
-Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх  С зөвшөөрөлтэй 6000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал нийт 10 гаруй мянган автомашин   нүүрс тээвэрлэж байна. Нийтдээ  13 мянган жолооч ажиллаж байгаа юм.