Манай эх орон бол яах аргагүй хулгайчдын эх орон билээ. Хүний мал хулгайлж, бусдад тараадаг хүнийг шилийн сайн эр хэмээн өргөмжилж ирсэн хийморьтой ард түмэн. Тэр хүмүүстээ зориулж, дуу шүлэг, домог хууч яриаг хүртэл бишгүй зохиож, магтаж сайшаасаар ирсэн сайхан сэтгэлтэй хүмүүс билээ, бид. Түүгээр ч зогсохгүй эдүгээ ч шилийн сайн эрчүүдийн тангараг өргөдөг байсан ууланд УИХ-ын гишүүдээсээ эхлээд, худалдаачин, наймаачин, ганзагачин, за тэгээд эр хүйстэй болгон очиж, ах нарынхаа замаар нь замнахаа андгайлдаг ийм л уламжлалтай , хулгайч ард түмэн.
Автобусны жолооч нь билетээ ав гэхээсээ түрүүлээд бэлэн мөнгийг өөртөө авч хулгай хийнэ. Замын цагдаа нь хүртэл торгож байгаа нь энэ гэж бэлэн мөнгийг нь өөртөө авч хулгай хийнэ. Шүүхийн шинжилгээний төв нь хариуг нь өөрчилж авлига авна. Шүүгч нь хүртэл хэргийг нэг талд шийдсэнийхээ төлөө албан тушаал ахина. Жирийн нэг үйлчлэгч хүртэл албаныхаа бие засах газар хүн оруулсныхаа төлөө мөнгө нэхнэ. Гадаадад сууж буй монголчууд нь гайгүй сайн дэлгүүр тононо. За тэгээд элчингүүд нь хүртэл хулгайгаар тамхи зарна. Эмнэлгийн сувилагч хүртэл эргэлтээр оруулахдаа шоколад харна.
Эмч хүн хүртэл хагалгаа хийснийхээ төлөө хоол цай хүлээнэ. Эсвэл өөрийнхөө эмийн сангаас эм авахаас нааш өөдийн бараа харуулахгүй зовооно. Багш нар хүртэл ангийн цэвэрлэгээнээс эхлээд элдэв мөнгө нэхнэ. Харьяалалгүй хүүхдийг цэцэрлэгтээ авбал ханш нь хэдийнээ тогтсон мөнгөний тоо хэлнэ. Боловсролгүйгээсээ авахуулаад боловсролтойгоо хүртэл бүгдээрээ нэг нэгнээсээ, нөгөө нь нөгөөгөөсөө туух, хулгайлах гэсэн сэтгэхүйтэй ийм л сайхан ард түмэн билээ. Төрдөө хүртэл хэн сайн хулгай хийдгийг нь харж сонгоно. Тиймээс л төр удирдаж буй хүмүүс нь хүртэл бүгд хулгай хийнэ. Чуулган дээрээ хүртэл УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдыгаа “чи бас хулгайч биз дээ. Би чамаас бага хулгайлсан” хэмээн барьцана. УИХ-ын гишүүд нь тэр чигээрээ улсаа цөлмөтөл хулгай хийнэ. Миний эх орон яалт ч үгүй л хулгайчдын эх орон билээ.