ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УИХ-ын гишүүдээ хайрлая

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-02

Ямар ард түмэн байна, яг тийм төр байдаг гэлцдэг. Бид хэдий хэр шударга ард түмэн байна төрийн түшээд  төдий хэмжээнд тийм л шударга байх болно. Бид өөрсдөө хэр ёс зүйтэй байна төрийн түшээд тийм л ёс зүйтэй байгаа аж. Ийм л хүмүүст дуртай болохоор тэд тийм л байгаа хэрэг. Хэрэв УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй, хурлаа тасалж байгаа бол тийм хүнийг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Хэрэв бидний төлөөлөл бусдын өмнөөс санал өгч, кноп дарж байвал мөн л бид түүнийг хүссэн хэрэг. Тэд хулгай хийж байвал бид хулгай хийх боломж нөхцөлөөр нь хангасан гэсэн үг.

Худлаа ярьж байвал худал үгэнд нь итгэхийг хүссэн хэрэг. Тэд санал худалдаж авч байвал бид саналаа худалдаж өгч байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  бидний зөвшөөрсөн болгоныг тэд хийдэг гэсэн санаа юм. За тэгээд хүчин хийж, хүүхэнд эрхтнийхээ зургийг явуулдаг гишүүнийг бурхан бидэнд илгээсэн биш бид л өөрсдөө сонгосон юм. Одоо үзэн ядаад байгаа 60 тэрбум, ЖДҮ-чин гишүүдийг буг чөтгөр бидэнд илгээсэн биш бид өөрсдөө төрд илгээжээ.

Одоо хараад л тэнэг мангар, худалч хулгайчийг нь дуудаад байгаа болохоос тэднийг хятадууд, оросууд биш харин өөрсөддөө л барьсан бидний бэлэг. Тэд мангар, тэнэг, хулгайч, худалч, хүчиндэгч, гэмт хэрэгтнүүд харагдаад л байгаа бол бид л өөрсдөө тийм байна гэсэн үг. Яг үнэндээ тэд чинь бидний төрүүлсэн үр могой.  Хэдүүлээ төрийн түшээд ээ, УИХ-ын гишүүд ээ, өөрөөр хэлбэл, өөрсдийн төрүүлсэн, өлгийдөж хүн болгосон үрсээ хайрлая. Тэд чинь бидний бүтээсэн их ард түмний бага хувилбар нь шүү дээ.