Манай улстөрчид дэлхийд хамгийн мундаг нь. Тухайлбал, унтаад босохдоо хүртэл Монголоо бодож сэрсэн байдаг юм. Тэгээд ч болоогүй “15 нас хүрэхдээ л Монгол Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ төлөө тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ” хэмээн бодож эхэлсэн гэдэг. Хэдийгээр эзэн богд Чингис хаан шиг маань хараахан нөж атгаж төрж чадаагүй ч зандан шахуу насандаа л улсаа бодсон байдаг юм. Тэр бүү хэл Монголынхоо ард түмнийг гурван сая Чингисүүд хэмээн хардаг, тийм сайхан манлайлагчид бөлгөө. Мөн манай улс төрчид шударгын туйл бөгөөд улсынхаа төлөө гэж явсаар байгаад ямар эхнэртэйгээ, ямар хүүхэдтэйгээ, ямар айлд хонож байгаагаа хэний оронд сэрж байгаагаа, юуныхаа зургийг хэнд явуулж байгаагаа хүртэл мэдэхээ байсан байдаг юм.
Гагцхүү дотоожоо өмсөөд гарснаа л мэдсэн байдаг юм. Мөн хамаарал бүхий хүмүүс нь ямар компанитай, ямар бизнес эрхэлдгийг хүртэл мэддэггүй тийм л гэнэн цагаан, яг л гангар хун шиг өнгөтэй амьтад байдаг билээ. Тийм л учраас Монгол Улс дэлхийд бүхий л үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Улсын нийслэл нь манантаж харагддаг байдлаараа, хамар сэнгэнүүлдэг, харшил хөдөлгөдөг үнэрээрээ, машин тэрэг нь багталцаж чадахгүй явж ядаж байгаагаараа, байшин барилга нь чихцэлдэж шахцалдаж байгаагаараа тэргүүлж байна. Хүн ард нь уушгины, ходоодны, элэгний хавдраараа, тархины цус харвалтаараа, зүрхний шигдээсээрээ, бэлгийн замын өвчлөлөөрөө дэлхийд манлайлж байна. Монголоо бодож сэрдэг улс төрчидтэй байх ийм сайхан.15 настайдаа улсаа бодож эхэлдэг улс төрчидтэй байх ийм хэрэгтэй. Ард түмнийгээ гурван сая Чингис гэж бодох ийм үр өгөөжтэй. Яалт ч үгүй л дэлхийн хэмжээний улстөрчидтэй орон.