Эрх барьж буй МАН-ынхан Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг Сингапурт очиж шийддэг болсон гэж намынх нь гишүүн ярьчихлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цензургүй ярихдаа ам алдаж орхив. Нэгэн цагт Монголын сор болсон хөвгүүдийн хувь заяаг алтан Москвад шийддэг байсан бол ардчилсан Монгол Улс харин Сингапурт очиж албан тушаалаа зурагладаг болжээ. Яах вэ, ахиж л байгаа юм байна. Хөгжил дэвшил рүү урагшилж яваа юмсанж. Гэвч дарга нар нь амьдралаа Сингапурт очиж шийдээд байхад эгэл ард нь яахаараа энд утаатай нийслэлдээ угаартаж байх ёстой юм бэ гэж барьцмаар санагдлаа. Тэртээ, тэргүй улс орны хувь заяаг хил дамнаж шийддэг юм бол улсаа ч бас нүүлгэчихье л дээ. Ядахдаа л өвөлдөө утааны зовлон үзэхгүй болно. Эсвэл Засгийн газраа тэнд байгуулах санал гаргаж байна.
Хоригдож, шалгуулаад ирэхээр л хэдэн арван өвчинд нэрвэгдчихсэн байдаг дарга нар маань хотын утаанаас хол хурлаа хийж байвал улс орны хөгжилд хэрэгтэй юм даа. Урт насална, улс орны хөгжлөө угаар дунд бус чийглэг агаартай орчинд шийднэ. Тархи нь сийрэг байвал гаргах шийдвэр нь ч гэсэн зөв байх биз. Хэрэг хүлээх үе гарлаа гэхэд хууч өвчингүй цоо эрүүл байна. Цаашлаад онгоцоор буцаж нисээд ирж явахдаа улсынхаа хөгжлийг дээрээс нь харж ухаан санаанд нь өөр зүйл бодогдох ч юм билүү. Бас хүний нутгийн хөгжил дэвшлийг харж, тэнд амьдраад ирэхээр өөрийнхөө улсыг хөгжүүлэх атаархал ч төрөх биз гэж найдаад байгаа юм. Мөн хэл ам хэрүүл тэмцлээс хол зайтай. Нэг нэгийгээ унагах гэж давхихгүй, шанаа өгөх зовлонгүй болно. Энэ мэтээр давуу тал байна аа, байна. Алтан Москвад шийддэг байхад бид муудаагүй. Одоо арлын Сингапурт шийдлээ гэхэд улам л хөгжинө дөө, манайх.