Монголд зам тээврийн ослоор өдөр 1-2 хүн нас барж, 15-20 хүн бэртэж, гэмтдэг гэсэн судалгаа гарсан байдаг. Үндсэндээ өдөр болгон нэг хүн зам тээврийн ослоос болж алтан амиа алддаг гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн сарын 29-ний өдөр Тээврийн цагдаагийн албанаас “Хичээх өдөр”-ийг зарлаж, таван минутын турш замын хөдөлгөөнийг хаалаа. Мөн жолооч болгон хичээж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хүлээцтэй хандаж, соёлтой байхыг уриалав. Хамгийн сайхан мэдээ нь “Хичээх өдөр”-өөр зам тээврийн осолтой холбоотой дуудлага 47 хувиар буурч, ганц ч хүний амь эрсдээгүй юм. Бид хичээж чадвал зам тээврийн ослыг бууруулж чадах нь харагдлаа. Тиймээс жолооч нар минь өдөр бүр л хичээцгээе.
Та, би, бид бүхэн өдөр бүр хичээж чадвал өдөр болгон зам тээврийн ослын улмаас амиа алдаж байгаа эрдэнэт хүнээ аварч чадах нь. Бэртэж, гэмтэж байгаа 15-20 хүний тоо буурах нь. Ослоос болж гарч байгаа хохирлын хэмжээг 47 хувиар бууруулж чадах юм байна. Улаанбаатар хотын хүн амын тоо даацаасаа хэтэрсэн, замбараагүй төлөвлөлт, суурьшлын нягтаршлаас үүдэж түгжрэл хэрээс хэтэрснийг хэн хүнгүй л мэднэ. Түгжрэлийг шийдэх олон шийдэл байдаг байх. Гэхдээ төр засгийнхныг ажлаа хийж, түгжрэлийг шийдэж өгөх байх гэж харвал зай ч байна. Түүний оронд бид өөрсдөө хичээгээд, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд, дайрахгүй, нэгэндээ зам тавьж өгдөг болчихвол түгжрэл буурна. Дагаад олон хар статистикийг цайруулж болно гэдгийг бүгдээрээ харлаа, мэдэрлээ. Ганцхан өдөр л хичээлээ. Тиймээс өдөр бүр хичээцгээе.