ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар утаагүй, за юу

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-09

Өвлийн өвөлд Улаанбаатар хотын утааны талаар гадна, дотногүй ярьдаг болж. Монголын төдийгүй гадны хэвлэлүүд тэр дундаа алдарт “Таймс” дээр хүртэл “Монгол Улсын Засгийн газар утааг шийдэхгүй байгаагаараа, иргэдийнхээ эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна” гэж ирээд сүржигнэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл утаагаа яаралтай шийд гэж дөвчигнөж гэнэ. Яг үнэндээ Улаанбаатар хот энэ жилээс утаагүй болсныг та бүхэн мэдсэн үү. Тэр жил манай нэг дарга “Улаанбаатар хотыг 2010 он гэхэд утаагүй болно” гэсэн зорилт ийнхүү найман жилийн дараа хэрэгжсэн хэрэг. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “ Улаанбаатарыг утаагүй болгоно. Би ч бас ажил хийвэл хийчихдэг хүн шүү” гэж хэлсний үр дүн гарч буй нь энэ. Тэгээд зогсохгүй Ц.Элбэгдорж, Су.Батболдоос эхлээд бүхий л дарга нар уулан дээр гарч Улаанбаатар хотын утааг ажиглаж зогссоны үр дүн ийнхүү  гарлаа.

Мөн У.Хүрэлсүх сайд өнгөрсөн жил гэр хорооллоор явж, ард иргэдээ тэвэрч, утаатай тэмцэхээ илэрхийлсэн нь ийнхүү бодит ажил болон Улаанбаатар хот утаагүйтэй адилхан боллоо. Аан харин энэ сааралтаж харагдаад байгаа зүйл бол тэр жил нэг даргын хэлсэн шиг “Утааны харагдах байдал нь ихэссэн ч хортой чанар нь байхгүй болсон” зүйл юм л даа. Өөрөөр хэлбэл, утаа биш уур, манан гэсэн үг. Тиймээс санаа зоволтгүй. Энэ жил утаагүй болж буйг батлах бас нэг зүйл бол Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг станцуудаас гаргадаг агаарын чанарын индекс юм. Энэ жил бараг л хэвийн хэмжээнд болчихлоо. Өмнөх жилүүдэд нэг шоо дөрвөлжин метр агаар дахь нарийн тоосонцрын агууламж 3000 микро грамм шахдаг байсан бол энэ жил 300 микро грамм хүрвэл их юм болж байна. Сэлэм эргүүлдэг удирдагчтай байх ийм сайхан. Түүхий нүүрс нийслэлд орж ирдгээрээ ирж, бид түлдэгээрээ түлж байхад л ингээд багасчихаж байгаа юм даа.