ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголчууд бол туйлын шударга хүмүүс

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-10

Бидний хүүхдүүд төрөхөөсөө эхлээд шударга нийгэмд ирдэг тул хамгийн шударга хүмүүстэй орон бол яах аргагүй манай улс. Хүүхэд төрөхөөр ирэхэд нь эх барих эмчийн гарыг хэр их дээш нь харуулснаас шалтгаалж хүндрэл багатай төрөхөөр үйлчилгээтэй байдаг тийм л сайхан орон. За тэгээд нөгөө хүүхэд цэцэрлэгт ороход сугалаа сугалуулж орох үгүйг нь шийддэг шударга нийгэмтэй.

Сугалаанд азгүйтсэн хүүхдүүд мөнгөө төлөөд ордог нь гайхалтай тогтолцоо. Мөн цэцэрлэгт ямар нэгэн байдлаар  орсон бол заавал нэг медальтай төгсөж байгаа юм. Багш нар нь шударга хүмүүс учраас тэр. “Хамгийн царайлаг охин”, “Хамгийн ухаантай хүүхэд”, “Тоочин хүүхэд”, “Дуучин хүүхэд” гэх мэтээр яг л оносон медалийг нь өгч байгаа юм. Ямар сайндаа л хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртэл “Хамгийн даруухан хүүхэд” хэмээж өргөмжлөл, алтан медалиар шагнаж байх билээ дээ.

Баян хүний хүүхдүүд өндөр төлбөртэй сургуульд сурч, ядуу хүний хүүхдүүд гурван ээлжээр хичээллэдэг сургуульд явдаг, тийм л шударга. Дарга нарын хүүхдүүд тэтгэлгээр гадаадад сурдаг нь шударга. Ядуусын хүүхдүүд өөрсдөө төлбөрөө төлж сурдаг нь шударга. Ямар нэгэн хүн ажилд орохдоо даргадаа ажилд орсон төлбөрөө төлчихдөг нь шударга. Том даргын хүүхэд харин жижиг дарга болдог нь бас л шударга. За тэгээд автобусанд суулаа гэж бодъё. Картаа цэнэглэж амжаагүй хүн орох юм бол жолооч мөнгийг нь өөртөө авчихаж байгаа нь шударга.

Цагдаа нь шударга, прокурор нь шударга, шүүх нь шударга, шүүгч нь шударга. УИХ-ын гишүүд ч бас шударга, Засгийн газрын гишүүд нь шударга, Ерөнхий сайд нь шударга, Ерөнхийлөгч нь шударга ийм сайхан орон. УИХ-ын гишүүд нь зээл авчихдаг тийм л шударга. Улсын ажил хийсээр байгаад эхнэрээ танихаа байтлаа ажилласан шударга. Хүүхдээ мартталаа шударга. Хүргэн бэрээ танихгүй болтлоо ажилладаг шударга. Аймаар шударга.