ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Баатарцогт: Шийдвэр гаргавал иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөхөд бэлэн

O.Admin
2018-12-11

1072 хувьцааны талаар “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа

-Иргэд 1072 хувьцааны талаар мэдээлэл муутай байна. Хувьцааны ногдол ашгийг авахын тулд заавал данс нээлгэсэн байх шаардлагатай юу? 
-Иргэд хувьцаатай байна гэдэг ногдол ашиг авах, компанийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох гэх мэт эрхүүдтэй байна гэсэн үг. Иргэдийн 1072 хувьцааны хувьд одоогоор эдгээр эрхүүд идэвхжээгүй байгаа. Яагаад гэвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд л хувьцаа амилах буюу үр өгөөжөө өгөх боломж гарч ирж байна. Үүнээс өмнө “Эрдэнэс Таван толгой” компани өр төлөх байдлаар ашиггүй ажиллаж байсан юм. Ингээд 2017 оноос эхлээд өр, төлбөргүй болсон учраас иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлыг хийж эхэлж байна. Гэтэл иргэд хувьцаагаа яаж авах вэ гэдэг асуудал яриад байдаг.  Уг нь иргэд аль хэдийнэ 1072 хувьцааны эзэн болчихсон шүү дээ. Иргэд хувьцааны талаар ойлголттой байх хэрэгтэй. Хувьцаа гэдэг иргэнд ямар ашиг өгөх боломжууд байдаг вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй юм. Аливаа компанийн хувьцаа эзэмшигч нэгдүгээрт хувьцааны данстай байх ёстой. Банкинд данстай байж мөнгө авдаг шиг, хувьцааны данстай байх шаардлагатай. Хувьцааны ногдол ашгаа авах, хувьцаагаа худалдах зэрэгт заавал тэр дансаараа дамжуулах ёстой байдаг.
-Цахим орчноор иргэдийн хувьцааг өндөр үнээр худалдаж авна гэсэн зарууд маш их байдаг. Хувьцаагаа худалдах нь хэр зохимжтой юм бэ?
-Хувьцаа гэдэг нэг удаа олгоод өнгөрдөг мөнгө тараалт биш юм. Үүнээс үеийн үед, хэдэн зуун жил ашиг олох боломжтой.  Үүнийг худалдаж, үрэн таран хийх нь зөв үү гэдгийг иргэд бодох хэрэгтэй юм. Сүүлийн үед ийм зарууд маш их явж байна. Үүний ард иргэдийг хувьцааны талаар мэдлэггүй байгааг далимдуулж залилж, хуурч, ашиг орлого олох гэсэн үйлдэл байдаг. Хувьцаа гэдэг халаасандаа байгаа зүйлээ хэн нэгэнд зарж байгаа мэт өгчихдөг зүйл огт биш юм. Хувьцааг худалдана гэдэг тогтсон шат дамжлагатай байдаг. “Эрдэнэс Таван толгой” компанийн иргэдэд олгосон 1072 хувьцааг өнөөдрийг хүртэл арилжаалах эрх нээгдээгүй байгаа. 
-Худалдаалах эрх нээгдлээ гэхэд хувьцаагаа худалдах нь  иргэнд ашигтай байх уу?
-Хувьцаанаас хоёр төрлөөр ашиг олох боломжтой. Нэгдүгээрт, ногдол ашиг авах боломж байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” компани ашиг, орлого их олох тусам, иргэдэд очих ногдол ашгийн хэмжээ өснө гэсэн үг. Тахиа байлаа гэж бодоход өндөгийг нь авна гэсэн үг. Харин тахиа буюу хувьцаа хэвээрээ байна. Хоёрдугаарт, компани сайн ажиллаж, иргэдэд ногдол ашиг өгөөд ирэхэд хувьцааны үнэ өсдөг. Хувьцааны зах зээлийг судалсан, мэргэжлийн түвшний хүмүүс хувьцааны үнийн зөрүүнээс ашиг олох боломжтой. Өөрөөр хэлбэл, хямд үед авч, үнэтэй үед нь зарна гэсэн үг. Хүн бүр хувьцаагаа зарна гэвэл үнэ нь унана. Эсрэгээрээ хүн бүр хувьцаа авна гэвэл нэг бүрийн ханш нь өснө. 
-Ногдол ашиг хэзээнээс өгөх вэ. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Ногдол ашиг өгье гээд шууд өгчихдөг асуудал биш юм. Хамгийн гол нь компани ашигтай ажиллаж байх ёстой. Холбогдох байгууллагуудын шийдвэр гарах шаардлагатай. Дараа нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар түүнийгээ хэлэлцэж, олсон орлогынхоо тодорхой хувийн ногдол ашиг хэлбэрээр иргэддээ өгөх үү гэдгийг шийднэ. Одоогоор иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөх талаар хэлэлцээгүй байна. “Эрдэнэс Таван толгой” компани байгуулагдсан цагаасаа хойш энэ жил анх удаа иргэдэд ногдол ашиг өгч чадахуйц эдийн засгийн боломжийг бүрдүүлж чадлаа. Холбогдох байгууллагууд шийдвэр гаргавал иргэдэд олгоход бэлэн байгаа. 
-Хэдэн хувьцаа үлдсэн байна вэ гэдгээ хэрхэн шалгах вэ?
-“Эрдэнэс Таван толгой” компанийн мэдээллийн төвийн 1800-1072 утсанд холбогдон хувьцааны үлдэгдэл болон хувьцаатай холбоотой мэдээ мээдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэх төрийн өмчит компанийн сайт руу орж шалгаж болно. 158989 дугаарт мессеж бичээд ч шалгах боломжтой.