ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Энхболд даргын зөв

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-17

М.Энхболд даргыг маань огцор хэмээн УИХ-ын ихэнх гишүүд шаардаж гэнэ. Түүний улмаас УИХ-ын чуулганы хуралдаанаа хуралдуулж чадахаа больж, бид үзэх юмгүй болов. Харин манай М.Энхболд дарга “Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Тэгэхдээ би ажлаа өгөхгүй” гэдэг хачин сайхан, ухаалаг хариу хэлэв. Аядуу зөөлөн хариу хэлэх ийм сайхан. Мөн дээрх үгнээс УИХ-ын дарга маань албан тушаалтайгаа зууралддаг хүн биш гэдгийг бэлээхэн харж болно.

Гэхдээ нэгэнт хуульд УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг огцруулах боломжгүйгээр хуульчилсан учраас албан тушаалтайгаа зууралдаагүй ч гэсэн хуулиа дагаж байгаа хэрэг юм байна. Хуулиа дагадаг даргатай байх мөн л сайхан. Гэхдээ өөрийн хүсэлтээр ажлаа өгч болохоор хуульчилсан авч манай дарга албан тушаалтайгаа зууралдаагүй учраас энэ заалтыг ашиглахгүй гэж байгаа юм. Өөр талаас нь хэлбэл манай дарга албан тушаалтай зууралдаж байсан бол ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчих боломжтой байсан юм шиг. Ми дарга албан тушаалтайгаа зууралдаагүй атлаа ажлаа өгөхгүй байхыг бодохоор шал ондоо юмтай зууралдаж байгаа юм байна гэж хардаж болохоор аж.

Магадгүй УИХ-ын даргын албан тушаалтай биш УИХ-ын даргын сандалтай зууралдаж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ер нь манай дарга албан тушаалтайгаа зууралдахаа байснаас хойш их ажилч хичээнгүй болоод байгаа юм. Чуулганы танхимд ганцаараа орж ирж хурлаа нээж, хаана. Хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл мөн ч М.Энхболд дарга хуулийг хааяа зөрчих нь зүгээр. Өмнө нь ч гэсэн Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүд ээлжит бус чуулган зарлахыг шаардсан нь ч нүдээ аниад, хуулиа зөрчөөд өнгөрөөж байсан удаа бий. Заримдаа хууль зөрчдөг даргатай байх ийм сайхан.