Ихэнх улстөрчийн амнаас “Шударга бусын хонгил” гэдэг үг гарч байна. Ямар ч байсан Монголд, магадгүй Улаанбаатар хотод нэг хонгил байгаа бололтой. Тэр хонгилоор нь манай улстөрчид “зугаалдаг” юм уу даа, янз нь. Улстөрчид сүрхий мэдээд байгаа юм. Гэхдээ яг хаана байгааг нь хэн ч мэдэхгүй, хэсэг хайлаа. Барьсан хүнийг нь ч мэдэхгүй, манай улсын өндөр албан тушаалтнууд руу наагаад байсан юм.
Тэр дунд нь барилгачин байхгүй. Ашгүй өчигдөр өнөөх алдарт хонгил хаана байгаа тухай сураг гарав. Авлигатай тэмцдэг ч бил үү, дэмждэг ч бил үү нэг газрын хавьд өнөөх хонгил нь байдаг аж. Энэ талаар судалгаа хийсэн судлаач байж магадгүй хүн өчигдөр мэдэгдэл хийж, иргэд арай гэж хонгилын байршлын талаар бага сага мэдээлэлтэй боллоо. Манай улстөрчид үе үехэн АТГ руу яваад байдаг нь ийм учиртай байж. Өнөөх нууц хонгил нь тэнд байрлалтай болохоор аргагүй шүү дээ.
Бас нэг шинэ мэдээлэл гарсан нь хонгил нь нэлээд сайн цоожтой юм билээ. Тэр цоожных нь түлхүүр Х.Энхжаргал даргад байдаг гэнэ ээ. Хонгил судалдаг хүмүүсийн хэлж байгаагаар шүү. Гэхдээ түлхүүртэй хүн яг ч эзэн нь биш гэсэн. Хонгилыг жинхэнэ эзэмшдэг хүн нь нэлээд дээгүүр албан тушаалтай юм байх. Тэгээд хонгилынхоо түлхүүрийг өгөөд, нэг хүнээр мануулаад байгаа нь тэр бололтой. Монгол Улсын төрийн өндөр сэнтийд заларч байсан, саарал ордонд тухалдаг олон хүн “гайхуулж” яриад байгаа тэр хонгилыг нэг харчих юмсан. Х.Энхжаргал дарга аа, та түлхүүрээ өгчихөөч. “Шударга бусын хонгил” гэдэг газрыг чинь нэг харчихмаар байна. Бодвол манай улстөрчид нууцаар очиж, “тансагладаг” л газар байх даа.