Энэ жилийн хувьд Агаарын чанарын индексийг байх ёстой түвшингээс нь багасган мэдээллэж байна гэсэн хардалт иргэдийн дунд байгаа билээ. Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн агаар, орчны бохирдлын эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрмаагаас тодрууллаа.
-Энэ жилийн хувьд өмнөх онуудаас их агаарын бохирдолтой байхад танай байгууллага агаарын чанарын индексийн мэдээллийг багасгаж мэдээлж байна гэсэн гомдол их бий. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Агаар дахь бохирдуулах бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, агаарын бохирдлоос өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх зорилгоор индексийн мэдээллийг гаргадаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг 1987 онд судалж, индексээр үнэлэх аргачлал гаргасан. Манай улс 2011 оноос хойш агаарын чанарын индексийг үнэлж, мэдээлэх журмыг гарган, хэрэгжүүлж байгаа. 2011 оноос хойш хэрэглэж байсан индексийн аргачлал шууд агаарын чанарын тухайн үеийн бодисуудын агууламжийг стандарт утгатай нь харьцуулаад гаргадаг байсан юм. Харин энэ жил олон улсад хэрэглэгддэг хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллөөр нь тогтоож гаргасан шинэ аргачлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэчилсэн журам баталж, мөрдөж байгаа. Аргачлал өөрчлөгдсөн учраас урьд жилийн мэдээллээс өөр гарч байгаа юм.
-Та шинэ аргачлалыг олон улсад хэрэглэгддэг аргачлал гэж хэллээ. Жишээлбэл энэ аргачлалыг дэлхийн ямар ямар улсууд хэрэглэдэг юм бэ?
-АНУ, БНХАУ гэх мэт олонхи өндөр хөгжилтэй орнууд хүний эрүүл мэндэд тулгуурласан аргачлалыг хэрэглэдэг.
-Тэгвэл яагаад олон улсын хотуудын агаарын чанарыг мэдээллэдэг цахим хуудас, танайхаас гаргаж буй мэдээллийг нийтэлдэг цахим хуудас хоёрын мэдээлэл нийлэхгүй зөрөөд байгаа юм бэ. Олон улсын цахим хуудаст танайхаас гаргаж буй мэдээллээс хэд дахин их агаарын бохирдолтой байгаагаар мэдээллэж байгаа?
-Бидний хийж буй аргачлал бол яг адилхан. Тэгэхдээ стандартууд нь улс орон бүрт өөр байдаг. Манай стандарт өөр, олон улсад хэрэглэгдэж буй стандарт өөр. Тийм болохоор аргачлал нь яг адил байсан ч үр дүн, утга нь зөрүүтэй гарч байгаа юм. Бидний өмнө нь хэрэглэдэг байсан аргачлал болохоор хялбархан, агаарт байгаа агууламжийн утгыг стандарттай харьцуулаад индекс гээд гаргадаг байсан. Энэ олон улсын жишиг болохоор хүний эрүүл мэндэд маш олон судалгаа үндэслэл хийгээд тогтоосон аргачлал юм.
-Агаарын чанарын индекс өөрчлөгдсөнөөс шалтгаалан энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс индексийн тоон илэрхийлэмж багассан юм байж. Тэгвэл хэрэв урьд хэрэглэж байсан агаарын чанарын индексээр тооцвол Улаанбаатар хотын агаарын чанар энэ жилийн хувьд сайжирсан уу?
-Манайхаас гаргадаг агаарын чанарын мэдээнүүд индексээр мэдээлэгдэхээс гадна долоо хоног, сар, хүйтний улирлын гэж мэдээллэдэг. Мөн өмнөх жилтэй харьцуулсан мэдээ зэрэг ч гардаг. Энэ бүх мэдээллүүд манай цахим хуудаст байршсан байдаг. Тэр мэдээнүүдээс үзвэл энэ жилийн агаарын чанар өмнөх жилийн агаарын бохирдлын түвшинтэй ойролцоо байгаа. Мэдээж зарим үзүүлэлтүүд буурсан зарим нь ихэссэн төлөвтэй байна.