Улаанбаатар хотын утаа хэрээс хэтэрч, угаартаж үхэх гээд байна гэж үглэж дуулсан биднийгээ уучлаарай, дарга нар минь. Утаа гэдэг чинь зөвхөн та нарт ач буянаа хайрлаад, биднийг ялгаад байдаг зүйл биш гэдгийг одоо л ухаарлаа. Утааны буянаар нийслэлийн бид чинь шинэ зуухтай болсон. Та бүхэн шинэ дэвсгэртүүдтэй болсон. Тэр дэвсгэртүүд нь ногоон өнгөтэй байсан биз. Утааны буян үүгээр дууссангүй. Монгол Улсын Засгийн газар жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг амралтын газар тав хоног амрааж, цэвэр агаар амьсгалуулах бололтой. Баасан гарагт эцсийн шийдвэр гарна гэсэн.
Энэ чинь Засгийн газрын биш утааны буян. Улаанбааатар хот утаагүй байсан бол юу гэж төр засгийнхан тав, цаашлаад найман тэрбум төгрөгийн төсөв гаргаж, хөл хүнд эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ээжүүдийг амралтад амраах вэ дээ. Тэр амралтын газрууд нь манай сайд, дарга нарын өөрсдөө үйлчлүүлдэг, тансаг зэрэглэлийнх байж таараа. Өөрсдийнх нь байгуулсан амралтын газар ч байж магадгүй. Тийм газарт орлого мөнгө муутай иргэд очиж амарч чадахгүй. Утааны буянаар л цэвэр агаартай, үнэтэй, тансаг амралтын газар очиж үзэх нь ээ.
Сайхан л хэрэг. Эсэргүүцээд байгаа хүмүүсийг үнэндээ гайхаж байна. Яагаад монголчууд, хүүхдүүд, эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хэд хоног цэвэр агаар амьсгалж, амттай хоол идэж, тарвалзаж болохгүй гэж. Ер нь утаагаа бууруулах талаар ярихаа больцгооё. Жил бүр утаа ихсэхээр сардаа хоёр удаа тав хоногоор амралтад явчихад л болно. Угаасаа манай Засгийн газар хөрөнгө мөнгийг нь шийдээд, амраачихна гэсэн. Тиймээс утаа бууруулах гэж өч төчнөөн мөнгө үрж байхаар иргэдээ амралтын газар амраах нь хамаагүй зардал багатай юм байна.