ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Утаа баячуудын санах ойд нөлөөлж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-23

Улаанбаатар хотын утаа иргэдийн эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Бүр судалгаа хийгээд, ямар хортой бодис яаж нөлөөлж байгааг ч тодруулчихсан. Тэгвэл утаа манай баячуудын, эрхтэн дархтануудын санах ойд хурцаар нөлөөлж байгаа нь тодорхой болоод байна. Бүр эртнээс шүү. Цагтаа Сангийн сайдаар ажиллаж байсан нэг албан тушаалтан гадаадад нээсэн дансандаа сая ам.доллар мартчихсан байгаагүй юу. Түүнийгээ ч өөрөө хүлээсэн.

Тэр үеэс л утаа баячуудын санах ойд нөлөөлж байсан юм билээ.  Дараа нь бас нэг сайд зуслангийн том хаусаа мартчихаад, “амбаар” гэж ярьсан. Үнийг нь хүртэл санахгүй “500 сая л байх” гэж ярьж байж билээ.  Хөөрхийг манайхан “Томорлоо, иргэдийг доромжилж байна” гээд муулаад байсан ч утааны гамшгаас болоод ой санамжинд нь өөрчлөлт орчихсон хэрэг.  Сүүлийн жилүүдэд утааны хэмжээ улам нэмэгдэж, хор хөнөөл нь хэрээс хэтэрлээ.  

Түүнээс нь болоод Ерөнхийлөгч байсан хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгнээ “Өөрөө намайг огцруулаад өгөөч гэж гуйж орж ирсэн” гэж хүртэл андуурч ярьдаг болов. Бас нэг их мөнгөтэй залуу прокурорын байгууллагыг удирдаж явсан хүний дүүгийн данс руу бүхэл бүтэн хоёр сая ам.доллар андуурч шилжүүлсэн тохиолдол ч гарлаа.  Бүр болоогүй манай УИХ-ын гишүүд, сайд, дарга нар эхнэрээ компанитай байсныг, тэр компаниараа дамжуулж тэрбумаар зээл авсныг хүртэл мартаад баларч байна. Бүр зарим нь эхнэртэй байснаа хүртэл мартаад, УИХ-ын гишүүн тулдаа л хаягдчихгүй өнгөрч байх жишээтэй. Энэ бүхэн утаа хүний тархи толгойд хүртэл ноцтой нөлөөлж байгааг хэлээд өгч байна.  Тэр хоосроод байгаа сангийнх нь нэр юу билээ дээ, байз. Мартчихаж ээ, утаанаас л болж байгаа байх даа.