ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөргөгч, хөргүүртэй дэлгүүр, супермаркетаас хүнсээ сонгохыг сануулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-23

Эрүүл мэндийн яамнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ГССҮТ-ийн сургалт мэдээллийн төв­ийн дарга Б.Түмэн-Өлзий, НЭМҮТ-ийн хоол судлаач Б.Туул, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Мөнхзул нар оролцсон юм. Тэд томуу, томуу төст өвчин, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, баяр ёслолын үеэр бэлэг сонгохдоо юуг анхаарах талаар мэдээлэл өгсөн. ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “Гэдэсний халдварт өвчнүүд  гарч байгаа нь хувь хүнд болон эрүүл мэндийн байгуул­лагын зардлыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд энэ сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэснээс өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмч­лүүлж байна” хэмээв. Мөн шинэ оны баярын өдрүүдэд хүнсний зүйлс цуглуулахдаа юуг анхаарах талаар зөвлөмж өгөв. Тухайлбал, хүнс­ний зүйлсээ төвлөрсөн худалдааны төвүүдээс, хөр­гүүр, хөлдөөгчтэй газраас сонгох ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. Сонгохдоо хадгалалтын горимыг анхаарна. Амархан мууддаг өндөг, торт, жимс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн зэргийг хөр­гүүртэй газраас сонгож, шалгаж аваарай. Авахдаа бяцраагүй, өндөгний хальс цуурч, хагараагүй байх ёстойг мөн сануулав. Шилтэй болон лаазалсан бүтээгдэхүүн бөм­бийсөн, тунадас үүссэн, дотор нь ямар нэг гадны биет байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой.  Ил задгай худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахаас зайлсхийх нь зөв гэлээ.

ХҮҮХЭД ӨДӨРТ 30 ГР САХАР ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ

Томуугийн халдвар, утаа ихтэй энэ үед хүүхдэд аль болох сахарын орц багатай, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн бэлгэнд сонгох­ыг эцэг эхчүүдэд тэд зөвлөв. Сахар ихтэй хүнс тогтмол хэрэглэснээр шүдний өвчлөл ихэснэ. Мөн сахар хоосон илчлэг ихтэй, эрүүл мэндэд тустай шимт бодис, уураг байхгүй. Хүүхэд нэг уут бэлэгнээс дунджаар 300-400 гр сахар авдаг аж. Ийм хэмжээний сахарыг нэг дор идсэнээр таргалалт үүсдэг. Хүүхэд өдөрт 20-30 гр сахар хэрэглэх ёстой. Чихэр ихтэй хүнсийг тогтмол хэрэглэснээр таргалалтаас гадна чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчин үүсэх эрсдэлтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд санууллаа. Тухайлбал:

• 500 мл хийжүүлсэн ундаанд 54 гр сахар
• 500 мл чихэрлэг ундаанд 36 гр сахар
• 90 гр шоколаданд 54 гр сахар агуулагддаг.

Хүүхдийн бэлгэнд сонгох хүнс:  

• Сүү, Тараг - Кальц, Д амин дэмээр баялаг
• Ээдэм- Уургаар баялаг
• Ааруул- Кальцаар баялаг
• Цэвэр жимсний шүүс- Сахарын агууламжтай ч хүүхдэд шаардлагатай эрдэс бодис агуулдаг, дархлааг дэмжих нөлөөтэй.
• Цэвэр жимс- Жишээ нь, ногоон алим, тод өнгөтэй жимс, жүрж зэрэг амин дэмээр хамгийн баялаг байдаг ажээ.