Манай өвөг дээдэс цагтаа есийн тоог бэлгэдэл болгодог байсан түүхтэй. Есөн эрдэнийн орон гэх мэтээр. Одоо тэр есийн тооны бэлгэдэл “тэтгэвэр”-тээ гарчээ. Манай улс мандаж байгаа учраас бэлгэдэлдээ ашиглаж байгаа тоогоо нэмж, 30-ын тоог “шүтдэг” болов. Эхлээд 30 гэр бүл гэдэг бэлгэдэл гарч ирсэн. Тэр 30 гэр бүлийн хөрөнгө мөнгө нь бөмбөрцөгт данслагдаж, дэлхийн дээвэрт гарсан юм байх.
Тиймээс “30 гэр бүл” гэсэн бэлгэдэл бүхий зургийг гэртээ хадаж, тахин шүтвээс амьдрал ахуй сайжирч, уул овоо шиг их мөнгөний хэлтэрхийнээс хүртэх нигууртай юмсанж. Энэ ч яахав, Монгол Улс 30 намтай болж, бэлгэдэл бүр дүүрлээ. 30 гэр бүлтэй байхад 30 нам байхгүй бол яаж болох билээ. Монгол Улсын гурван сая гаруй хүн 30 намдаа тэнцүүхэн хуваагдаж ороод, нам засгаа шүтвээс үйлс төгөлдөржиж, хэтэвчинд байгаа хэдэн төгрөг цагаар үржих нигууртай юмсанж.
Нэгэнт 30-тын системд орж, есөөс хамаагүй их тоо шүтдэг болсон учраас бүхий л аймгаа хүртэл 30 болгох хэрэгтэй юм. Ердөө есөн аймаг нэмээд л гүйцээ. Аймгийн дайтай том сум цөөнгүй л байна. 30 аймагтай болчихвол бэлгэдэл талаасаа ч сүртэй. 330 сум ч гэсэн нарийн ярьвал 30-ын тоог багтаасан. Аль эртнээс 30-ын тоог бэлгэдэл болгохыг манай томчууд мэдэж байсан учир засаг захиргааны нэгжээ хуваахдаа 330 сумтай болгосон хэрэг. 30 аймагтай болчихвол 30 гэр бүлээ нэг нэгээр нь аймгууддаа хуваарилаад өгчихмөөр юм. Тэгээд 30 аймагтаа 3 сая хүнээ тэнцүүхэн хуваагаад өгчихвөл бэлгэдэл талаасаа ч сайхан таарах гээд байна.