Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэх үг бий. Энэ үг орчин үед “Ээжүүд байхад эмч хэрэггүй” гэсэн утгатай болжээ. Өөрөөр хэлбэл, эмчид хандан цаг зав, халаасанд байгаа хэдэн төгрөгөө үрэхийн оронд ээжүүдийн хамгийн том фэйсбүүк групп болох “ mommy central”-д нэгдэхэд л хангалттай болсон байна.
Энэ группт “Хүүхэд 39-өөс дээш хэм халуурлаа, яах вэ. Ямар эм өгөх вэ”, “Үс халзарч унаад байх юм юу тус болох бол”, “Хүүхдээ эмчид үзүүлсэн чинь ийм эм бичиж өгөх юм. Өгөх үү, яах уу”, “Тэр эмч хэр сайн бэ, ээжүүдээ”, “Эмчийн бичиж өгсөн энэ эмийг өгөх үү” гэх мэтээр бүсгүйчүүд нэг нэгнээсээ асууж, өргөн хүрээтэй том хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. Тэдний зарим нь “Манайх бас өгч байсан өг, өг”, “Наадах чинь дэмий дээ, үүнийхээ оронд тэр эмийг уу” гэх мэтчилэн зөвлөнө. Заримдаа шинжлэх ухаанаар хараахан нотлогдоогүй ч, ээжүүдээр туршигдсан бүтээгдэхүүн зөвлөх нь энүүхэнд. Гэхдээ бүү эргэлзээрэй. Эмнэлэг, эмчээр бус ээжүүдээр зөвшөөрөгдсөн эм, тариа, бүтээгдэхүүн гэдэг цаанаа л чанартай. Манай группын эмэгтэйчүүд ч үүнийг сайн мэддэг болохоор сүүлдээ эмч нарт ч итгэхээ больчихоод байгаа юм.
Эмнэлэг явж, эмчид үзүүлэхгүйгээр аливаа өвчин, шархныхаа зургийг группт постлоод л эмчилгээгээ мэдээд авчихдаг юм. Ер нь монголчууд минь бэлэн ээжүүдийн групп байхад эмнэлэг бараадаад хэрэггүй. Борооны дараах мөөг шиг олширсон хувийн чанартай, чанаргүй эмнэлгийн тоо, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах гэж ээжүүд чинь хэрэндээ л хичээж явна. Манай группт нэгдэхийг урья. Өвчин тусвал, нөхөр нь хуурвал, хүүхэд нь өвдвөл ер нь ямар ч үед ээжүүдээр туршигдсан зөвлөгөө өгөхөд бэлэн шүү.