ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бид тэнгэрлэг ард түмэн

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-25

Бид тэнгэрлэг юм болохоороо газарлаг юм ярихааргүй том ард түмэн. Өөрөөр хэлбэл, жижиг сажиг асуудлууд биш том, том тэнгэрийн юм ярьдаг хүмүүс гээд ойлгочихож болно. Тухайлбал, Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бол ярихгүй. Тэр чинь газарлаг юм. Улаанбаатарын утаа ч гэсэн гэрт байх зуухнаас гарч буй тул газарлаг зүйл. Тэгэхдээ утаа нь тэнгэрт дэгдэж байгаа тул хаяа ярьж болно.

За тэгээд замын түгжрэл ярьж болохгүй. Мэдээж зам газарлаг зүйл. Бэлчээрийн даац хэтэрч буй талаар, цөлжилт зэргийг бас ярихгүй тэр чинь мөн л газарлаг. За тэгээд хотын газрын наймааг ярьж болохгүй бас л газарлаг зүйл. Учир нь тодорхой газар гэдэг үг орсон байна. Төгрөгийн ханшийн уналтыг ярьж болохгүй яагаад гэвэл доошоо, газар тийш явж байгаа зүйл учраас тэр. Бензин шатахуун, юмны үнэ хэдийгээр дээшээ явж байгаа ч мөн ярьж болохгүй.

Үнэ нь дээшээ тэнгэр зүг явж байгаа ч шатахуун чинь өрөө газраас олгойдон гардаг тул газарлаг зүйл гэсэн үг. Тиймээс ярьж болохгүй. Харин бидэнд ярьж болох тэнгэрлэг зүйлс бий. Тэнгэр заяатай ард түмэн гэж ярьж болно. Энэ бол тэнгэрлэг зүйл. Хийморьтой ард түмэн гэж өөрсдийгөө магтаж болно. Хийморийн сан тавиулж, хийморио сэргээж болно. Мөн чоно алж болно. Хэдийгээр чоно газрын амьтан ч түүнийг алж, хийморио сэргээж байгаа тул тэнгэрлэг зүйл.

Яагаад гэвэл хий чинь агаараар, өөрөөр хэлбэл тэнгэрээр л байдаг зүйл гэсэн үг. Мөн Сарандаваа эгчийн лекцэд сууж, шүтэн биширч болно. Түрийвчийг тэнгэрээр даллуулдаг учраас тэр. За тэгээд бөө шүтэж, бүгдээрээ бөө болж болно. Тэнгэртэй холбогддог учраас тэр. Хулгай хийж, худлаа ярьж болно. Тэр чинь бас тэнгэрлэг зүйл. Учир нь хулгайг газраар явдаг хөлөөрөө биш, гараараа, агаараар хийдэг тул тэнгэрлэг. Худлаа хэлэх ч гэсэн амаараа ярьж, агаараар түгдэг учир тэнгэрлэг. Ер нь тэнгэрлэг ард түмэн учраас утаа, замын түгжрэл, машин тэрэг зэргийг ярьж болохгүй. Харин онгоц техникийн буулт хийсэн талаар бол ярьж болно шүү. Тэр чинь харин тэнгэрт нисдэг тэнгэрлэг зүйл за юу. Бид яалт ч үгүй л тэнгэрлэг ард түмэн.