Сүүлийн жилүүдэд ясны сийрэгжилт өвчин залуужих болсныг эмч нар хэлдэг. Үүний шалтгааны талаар ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн ахлах зэргийн эмч М.Төгсбаяраас тодрууллаа.
-Ясны сийрэгжилт өвчин жилээс жилд залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Ясны сийрэгжилт нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицол алдагдан, яс хэврэгшин улмаар гадны өчүүхэн үйлчлэлд хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр остеопороз нь халдварт бус өвчлөлийн дунд зүрх судас, хавдар,чихрийн шижин өвчний дараа дөрөвдүгээрт бичигдээд байгаа. Энэ нь остеопороз түгээмэл тархалттай, олон шалтгаантай, хожуу оношлогддог болон оновчтой эмчилгээг цаг хугацаанд нь эхэлдэггүйтэй холбоотой. Ясны сийрэгжилт залуужаад байгаа шалтгаан нь иргэдийн хэрэглэж буй хоол хүнстэй ихэвчлэн холбоотой. Ялангуяа газтай ундааг бага насны хүүхдэд огт хэрэглүүлж болохгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ өвчин жил ирэх тусам залуужиж байна. Сургуулийн насны хүүхдүүд хүртэл ясны сийрэгжилтээр өвчлөх нь нлбэг болсон. Ясны сийрэгжилттэй хүнээс төрөлхийн ясны сийрэгжилттэй хүүхэд төрдөг учраас жирэмсэн эхчүүд маш сайн анхаарах ёстой.
-Ямар шинж тэмдэг илэрдэг юм бол. Ясны сийрэгжилт өвчнөөр өвдсөн эсэхээ мэдэх боломжтой юу?
-Остеопорозын үед ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Гадны өчүүхэн хүчний нөлөөлөлд яс хугарснаар яс сийрэгжсэн гэдэг нь мэдэгдэнэ. Харин нэгэнт өвчилсөн хүмүүсийн хувьд биеийн ачаалал ихэссэний дараа болон нэг байрлалд удаан байх, суух, босох үед нурууны өвдөлт ихэснэ. Энэ өвдөлт нь хэвтэж амарсны дараа алга болох буюу багасна. Энэ өвдөлтийг хүмүүс тэнгэр муудах, агаарын даралт өөрчлөгдөх үед бүх яс өвдөөд байна гэх нь бий. Цаашид ямар нэгэн эвгүй хөдөлгөөн, халтирч унах үед яс хугарна. Ялангуяа нуруу болон дунд чөмөгний яс, бугуйн ясны хугарал түгээмэл тохиолддог. Өвдөлт илрэх нь өвчтөн бүрт харилцан адилгүй, өвчний аль ч үед илэрч болно.
-Хэрхэн оношлох вэ?
-Ерөнхий үзлэгээр оношлох боломжгүй. Ердийн рентгэн зурагнаас эхлээд орчин үеийн өндөр хүчин чадалтай ЭХО аппарат, компьютер болон оношлогооны тусгай аргуудыг хэрэглэдэг.
-Удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчин гэж сонссон юм байна?
-Эмчилгээний гол зарчим нь ясны жингийн алдагдлыг зогсоох буюу удаашруулах, шинээр хугарал үүсэхээс сэргийлэх, ясны хэлбэржих процессийг хэвийн болгох, ясны өвдөлтийг багасгах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах явдал юм.
-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар аргууд байна вэ?
-Остеопорозоос урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор төрөл бүрийн фармакологийн өргөн хүрээний эмчилгээний бэлдмэлүүд байдаг. Эдгээр бэлдмэлийг дангаар буюу хавсарч хэрэглэхдээ дэс дараалалтайгаар буюу хамтад нь хэрэглэж болдог. Гэхдээ эмч тухайн өвчтөний остеопорозийн онцлог болон хэрэглэж буй бэлдмэлийн үйлдлийн механизмд тохируулан хүн тус бүрт тохирох эмчилгээний схем сонгож, өвчтөндөө уг өвчнийг удаан хугацаагаар эмчлэх буюу урьдчилан сэргийлэх ёстойг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ясны сийрэгжлийн өвчний үед хэрэглэдэг өндөр үр дүнтэй, чанартай бэлдмэл гэвэл Кальци-Денкийг нэрлэх байна. Энэ бэлдмэл нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, ясны бороололтыг түргэсгэх зориулалттай бэлдмэл байгаа юм.