Цагаан сараар бид ууцаа засаж, буузаа идэж байгаа юм. Түүнээс гадна мөрөө гаргаж, зүгээ зүглэж, гандан орж жилийн заслаа хийлгэж, хийморь лундаагаа сэргээнэ. Ийнхүү Бурхны шашинтай хүний ёсоор жилээ угтан сайхан шинэлнэ. Тун удалгүй наурыз баяраар казах ахан дүүстэйгээ мэндчилж, бэлтгэсэн идээ, ундаа каз иднэ. Сар болгоны шинийн хоёронд сарандаа даатгаж, исламын шашинтай хүн шиг өнгөрөөнө. За тэгээд зуны сар эхлэнгүүт овоо тахиж, онгод шүтээнээ дуудаж, бөө мөргөлтэй болчихдог. Бөхөө барилдуулж, морио уралдуулна.
Улсын баяр наадмаас эхлээд, уул овооны наадам хүртэл хийж зунжин найрлана. Угаасаа л бид тэнгэр шүтлэгтэй, тэнгэрлэг ард түмэн юм чинь. Үүнийгээ дагаад айл болгонд удган зайран, улаач, хөтөч бий билээ. Нэгээр тогтохгүй нэлээд хэд ч байж мэднэ. Намраас хойш харин халовен, улаан өндөгний баяр, шинэ жил, Валентины баяр гээд л Христосын шашинтай холбоотой бүхий л баяруудыг ёслол төгөлдөр тэмдэглэв. Хүүхдүүд аймшгийн баг өмсөж, айл айлын хаалга тогшиж чихэр гуйна. Аргагүй л Христосын шашинтай улсын хүүхдүүд мөн дөө. Айл болгон торт бялуу болж, Христосын төрсөн өдрийг нижгэр тэмдэглэнэ. Итгэгчид ийм л байдаг. Удалгүй Валентин ламын бүтэлгүй дурлалын өдрийг хүртэл гэгээн хайр дурлалын баяр хэмээн тэмдэглэсэн. Христосын шашинтай улсын хосууд ийм л байдаг.
Дэлхийн талыг эзэлсэн их эзэн Чингис хааны хүү Өгэдэй хаан түмэн амгалант ордондоо бүхий л шашнуудыг хооронд нь ном хаялцуулдаг байсан шиг бид ч бүхий л шашны баяруудыг ганцыг ч гээхгүй тэмдэглэж явна. Аргагүй л бүхий л шашныг шүтдэг улс орны иргэд мөн дөө. Төвийг сахина гэдэг том бодлого чинь энэ юм байна.