ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьдрал бол аз жаргалтай өдрүүдээ нэмэхийн төлөөх тэмцэл

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-03

“Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй. Аз жаргалтай өдрүүд л гэж бий” гэдэг үг байдаг.  Хүн бүр л аз жаргалыг хаанаас ч юм хайдаг.  Гэхдээ зарим нь аз жаргал гэж чухам юу болохыг мэддэггүй юм шиг.  Тиймдээ ч аз жаргалтай өдрүүдийнхээ тоог нэмж чаддаггүй, гунигладаг, ганцаарддаг, шаналдаг, бухимддаг байх.  Зүгээр л алхахдаа хүртэл аз жаргалыг олж мэдэр.

Өглөө гэрээсээ гарч, ажилдааа явахдаа шулганах бяцхан үрсээ үнсээд, хайртай эхнэрээ тэврээд гарах аз жаргал.  Цэцэрлэгт хүүгээ хүргэж өгөөд, ангийнх нь бяцханууд “Найз аа, миний ээж надад чихэр авч өгсөн” гэж гайхуулахыг харах. Машиндаа суугаад бага түгжирч, ажилдаа цагтаа амжиж ирэх ч бас аз жаргал.  Дулаахан өдөр хотын гудамжаар алхах, өндөр шилэн байшингуудын уран хийцийг бахдах, тохилог зоогийн газарт амттай хоол идэх ч тэр чигээрээ л аз жаргал.  Өөртөө итгэлтэй сайхан бүсгүйн гоо сайхныг биширч, дотоод ертөнцдөө шүлэг урлах.  

Хачин гэгэлзсэн шүлэг биччихээд түүнийгээ хамгийн эхний сонсогчдоо уншиж өгөх ч бас жаргал.  Ажлаа эртхэн хийж дуусгачихаад цэцэрлэгээс хүүгээ авахаар яарах. Гэртээ хариад хүүхдүүддээ хоол хийж өгөх, эхнэрээ хүлээх. Миний шүлгийн хамгийн эхний сонсогч болох эхнэр минь гэртээ ирэх ч бас жаргал.  Амьдралын хором мөч, цаг, хоног бүхэн аз жаргал.  Заримдаа бүх зүйл болохгүй байгаа мэт санагдаж, бухимдаж, гуниглаж, ганцаардаад хэн нэгэнд тунирхах. Шар айрагны танил амтыг мэдэрч, сайн найздаа сэтгэлээ уудлах ч бас л жаргал. Амьдрал бол аз жаргалтай өдрүүдээ нэмэхийн төлөөх тэмцэл юм.