ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Болдогсон бол хаашаа ч хамаагүй явахсан

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-06

Болдогсон бол хаашаа ч хамаагүй дүрвэхсэн. Даанч 20 жилийн хугацаатай авсан байрны лизингтэй болохоор чадахгүй нь. Тэгэхээр ирэх 20 жилдээ гадагшаа гарч амьдрах худлаа болсон хэрэг. Хэрвээ байрны лизинггүй байсан бол хэн энэ их утаа, униарт хордон хордон, хэн энэ улстөрчдөд хулхидуулан хулхидуулан энд амьдрах вэ дээ.

За тэгээд замын түгжрэл, өмхий самхай, авлига, арын хаалга, шударга биш тогтолцоо, шулуухан хэлэхэд энэ ялзарсан нийгэмд баймааргүй байна. Тэгээд явах гэхээр байрны лизинг л хөлд тушаа болж байна. Байрны лизингээс гадна бас нэг зүйл байгаа юм байна. Яаж, ийж байгаад байрныхаа зээлийг төлчихөөд дүрвэлээ гэхэд биднийг хүлээж авдаг улс, орон гэж алга. Байгаа бүх элчингүүд нь монголчуудыг дүрвэх гэж байгааг мэддэг болохоор яаж ч үнэнээ хэлээд итгэхээ байж, яаж ч худлаа яриад  хууртана гэж байхгүй болжээ.

Бүх монголчуудын чин хүсэл нь гадагшаа дүрвэж, улсаасаа зугтаах чин хүсэлтэй болсныг мэддэг болж, тэд. Өөрөөр хэлбэл биднийг нутаг руугаа нэвтрүүлэхдээ сансарт нисэх гэж буй сансрын нисэгчээс ч илүү нарийн шүүлтүүр шалгуураар оруулдаг болж. Тиймээс бид гадны улсын визэнд бүгдээрээ шахуу бүдэрч байна л даа. Биднийг дүрвээд явахад хоёрхон зүйл саад болж байгаа нь нэгдүгээрт, урт хугацаатай зээл, хоёрдугаарт виз дарж өгдөггүй элчин сайдууд л байх шив дээ. Биднийг гадагш нь явуулдаггүй нь бодохоор зүхмээр ч юм шиг, биднийг эх нутагт нь уяад байгааг нь бодохоор баярламаар ч юм шиг, тэдэнд.