ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг солонгос, нөгөө солонгосоо бодсон бол...

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-07

Өмнөд Солонгост хачин жигтэй явдал болжээ. Тус улсын Бусан хотын нисэх онгоцны буудалд газардсан Их Британийн жуулчин эр такси барьж, хоёр км орчим явахад нь мөнөөх таксины жолооч өнөөгийн тарифыг дөрөв нугалж 18 ам.доллар авсан гэнэ. Үүнийг монгол мөнгөөр тооцвол 47900 төгрөг. Гэхдээ энэ явдал хачирхалтай биш. Хамгийн хачин нь жуулчин эрийн хөтөч эмэгтэй сүржигнэж, цагдаагийн газарт гомдол гаргаснаар барахгүй хөөрхий жолоочийг өндөр дүнтэй торгуулж, өнөөх европ эрийн өмнө толгой гудайлгуулж, уучлал эрүүлсэн байх юм.

Тэгээд ч болоогүй жолооч залууг эх орныхоо нэрийг сэвтээлээ гэж буруутгасан гэх. Манайд бол өдөр бүр шахам л ийм хэрэг гардаг. Зуны улиралд бүр ч их. Дөрвөн км газар явахад 20000 төгрөг авах нь бараг энгийн л зүйл. Шар толгойтой, өөр хэлтэй хүн байх юм бол таксины жолоочид өөрсдийн гэсэн өвөрмөц хүрдээрээ тооцоолоод л мөнгөө авчихна. Ингэлээ гээд манай хөтөч орчуулагчид ч сүржигнэхгүй. Сүржигнэх гээд байвал жолооч нар “Нэг монголоо бодсонгүй. Амьдрах гэж л ядаж явна” гэж хэлээд амыг нь таглачихна шүү дээ. 

Тэгээд л хүссэн хүсээгүй нэг монгол хөтөч нь нөгөө монгол жолоочийнхоо ашгийг бодоод л чимээгүй өнгөрнө. Чимээтэй байлаа гээд хаана ч хандах билээ. Бид чинь ийм л тал нутаг шигээ уужим хүмүүс. Бас бусдыгаа боддог гэж жигтэйхэн. Нэг монгол маань ашиг хүртэж л байвал Монгол Улсын нэр хүнд яах нь ер нь ямар хамаа байна. Тэртэй тэргүй дээгүүрээ өчнөөн идэж ууж байгаа юм чинь. Сүржин л байна даа, солонгосчууд. Ядаж л нэг солонгос, нөгөө солонгосоо бодсон бол...