ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Голомт” банкныхан мафийн гар хөл болсон үйлдэлдээ тайлбар хий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-07

Авлига, хүнд суртлын цаламд хүлэгдэж, хууль хяналтыг гартаа атгасан улстөрчдийн бүлэглэлийн дарамтад олон жил дарлуулсан залуус одоо шударга үнэний дуу хоолой болж, дуугарч эхэллээ. Цаад санаа зорилго нь үүнээс өөр байж мэдэх ч Н.Алтанхуягийн хэлээд байсан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн одоо тэмцээд байгаа “Шударга бусын хонгил” үнэхээр байдаг гэдгийг тэд олон зүйлээр нотолж байх юм. Тэр дундаа МАНАН бүлэглэл, Монголын төрийн толгойд найман жил заларсан Ц.Элбэгдорж түүний хамаарал бүхий хүмүүс өнгөрсөн хугацаанд ямар замаар хөлжиж баяжиж байсныг “шүгэл үлээж” буй эдгээр залуус илчилж байгаа. Хуулийг хүслээрээ удирдаж, Улсын Ерөнхий прокурортойгоо нийлээд бизнесийн салбарынхныг дээрэмдэж байсан МАНАН бүлэглэлийн “бэтэг” хагарч эхэлсэн нь сайшаалтай.

Цаашдаа илүү олон ганболдууд ар араасаа гарч ирж үнэнийг ярих цаг болжээ. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Төрийн толгойгоос азаар МАНАН бүлэглэл бага багаар арилж, томчуудын луйвар илэрч байх юм. Хэдхэн хоногийн өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Ам нээвэл” ярилцлагад орохдоо Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт авлига болгож дөрвөн сая ам.доллар өгсөн гэдгээ зарласан.

Үүнийх нь дараа Д.Дорлигжав нь Бадарчийн Жаргалмаа сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Манай дүүгийн Голомт банкнаас авсан зээлийг хаасан. Т.Ганболдын төлбөр мөнгө нь дутуу байсан юм билээ. “Голомт”-ын захирал Д.Баясгалан, Т.Ганболд, манай дүү Д.Баатар нар ярилцаж суугаад зээлээ хаалгахаар болсон. Гэтэл удалгүй дахиад манай дүүгийн данс руу андуурч хоёр сая ам.доллар шилжиж орж ирсэн байсан. Улмаар “Голомт” банк руу ярихад дарга цэрэг нартайгаа ярьж асуудлыг тодруулаад андуурч орж ирсэн гүйлгээ байна гээд буцаагаад явуулсан” хэмээн ярив.

Бод доо, 20 мянган төгрөг ч бус бүр хоёр сая ам.доллар шүү. Гэтэл өчигдөр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Голомт банкаар андуурч орсон гэх дөрвөн сая ам.доллароос нэг ч төгрөг буцаж ирээгүй. Нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бүтэн хэмжээгээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байна. Би дутуу мөнгө өгөөгүй. Төлбөрөө бүрэн хийсэн” гэж ярив. Эндээс нэг л зүйл тодорхой болж байна. Монголын банк санхүүгийн салбарт тодорхой байр сууриа эзэлчихсэн “Голомт” банкинд аюулгүй байдлын хяналт шалгалт гэж алга юм байна. Хэн дуртай нь Д.Дорлигжавын ярьсан шиг хэрэглэгчийнх нь данс руу мөнгө андуурч хийчихээд гэмт хэрэгт гүтгэх боломжтой гэсэн үг үү.

Банк санхүүгийн байгууллагын хуулиар бол хэрэглэгчийн дансанд 20 сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, данс тооцоог шалгаж, тухайн хэрэглэгчээс мэдээлэл авдаг. Гэтэл бүхэл бүтэн 10 гаруй тэрбум төгрөг андуурч хийгдчихсэн байхад энэ банк юу хийж суув. Нөгөө аюулгүй байдлын шалгалт, хэрэглэгчид мэдэгдэх зэрэг нь юу болов. “Голомт” банктай холбоотой энд нэлээд олон ноцтой асуудал яригдлаа. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан Ш.Батхүүд Дарханы төмөрлөгийн захирал байхдаа барьцаа гаргаж өгөөгүй аж.

Улмаар бүтээгдэхүүнээ зээлээр өгөхгүй гэж мэдэгдсэний дараа мөн л “Голомт” банкны данс руу нь 15 сая ам.доллар шилжүүлжээ. Одоогийн ханшаар тооцвол бараг л 40 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгийг мөн л “Голомт” банк нэгдүгээр хүн буюу Д.Ганболдын гарын үсэггүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас шууд татан авчээ. Ингэхдээ “Жаст” группын Ш.Батхүү Голомт банкинд өртэй. Тиймээс буцааж шилжүүлнэ үү гэсэн. Би өгөхгүй гэсэн ч гарын үсэггүй буцаагаад шилжүүлээд авчихсан хэмээн ярив. Мөн саяхан Татварын байгууллагатай хууль бусаар гэрээ байгуулчихаад НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувь авч зээл олгож байсан нь ил болж байх юм. Энэ мэтээр “Голомт” банкны булхай луйвар ар араасаа илэрч эхлэв. Авлигачдын мөнгөө шилжүүлдэг компани болж, 10 гаруй тэрбум төгрөгийн ямар ч хяналт шалгалтгүй нэг иргэнээс нөгөө иргэний компани руу шилжиж байхад гарын үсэггүй татаад авчихдаг, эсвэл хэн нэгнийх нь хүсэлтээр бичиг хийж өгөөд л сууж байх юм. Хатуухан хэлбэл, энэ бол мафийн гар хөл болсон үйлдэл гэхээс өөр яалтай. Голомт ямархуу бузар булайг нууж явснаа одоо илчилж, энэ хүмүүсийн яриад буй зүйл цэг тавихгүй л бол олон зуун хэрэглэгчээ ч алдаж мэдэх нь ээ. Банк санхүүгийн байгууллагын аюулгүй байдал гэж хаана алдагдсаныг ч илчлэх цаг нь болсон байна.