Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид дуучин Эгшиглэн, Коби нарыг хар тамхи хэрэглэж байхад нь илрүүлэн баривчилж, шалтгалын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Тэд энэ удаад өмгөөлөгчтэйгээ хамт хар тамхи хэрэглэсэн байсан бөгөөд тэднийг машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилжээ.
Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын таван иргэн 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон ч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байсан юм.