Олон нийтийн сүлжээгээр иргэд сар бүр төлдөг лизингийн төлбөрөө хийхдээ И-баримт авч болно гэх мэдээлэл тараад байна. Энэ талаар мэдээллийг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.
-Иргэд сар бүр лизингийн төлбөрөө төлөөд И-баримт авч , сугалаанд оролцох, буцаан олголт авах боломжтой юу?
-Нэгдүгээрт орон сууц, автомашин худалдан авсан иргэд дээрх асуултыг их асуудаг. Лизинг нь ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Борлуулагч тал өөрөө банкны оролцоогүйгээр лизинг хэлбэрээр олгосон бараа, ажил үйлчилгээнд компаниуд нь төлбөр хийгдэх тухай бүрд төлбөрийн баримтыг олгоод явах ёстой. Хоёрдугаарт банкнаас зээл буюу лизингээр байр орон сууц, автомашин худалдан авахад үүсдэг. Энэ нь худалдан авагч нь тодорхой хэмжээний урьдчилгааг төлөөд үлдсэн төлбөрөө банкнаас зээл аван, хөрөнгө худалдаж байгаа борлуулагч талд шилжүүлэн үндсэндээ төлбөрийг бүрэн төлж байна гэсэн үг юм. Ийм учраас худалдан борлуулсан хуулийн этгээд зарж борлуулсан бараандаа төлбөрийн баримтыг нийт дүнгээр нь хэрэглэгчдэд олгох ёстой. Тэгэхээр банк иргэний өмнөөс иргэнд зээл олгоод,тухайн олгосон зээлээ бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа аж ахуйн нэгжид бүрэн шилжүүлж байгаа учир тухайн барааны төлбөр бүрэн барагдсан гэж үзэн үндсэн дүн дээрээ төлбөрийн баримт авах ёстой гэж ойлгож болно. Харин иргэний сар бүр төлж буй зээлийн төлбөр хоёр хэсгээс буюу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс бүрддэг. Үндсэн төлбөрт нийт дүнгээр нь борлуулагч хуулийн этгээд төлбөрийн баримт олгосон тул ямар нэгэн баримт олгохгүй. Харин банкнаас зээлийн хүүгийн төлбөр дээр баримт авах боломжтой. Ингэхдээ банк, санхүүгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг учраас буцаан олголтын хоёр хувь бодогдохгүй бөгөөд сугалаанд оролцох эрхтэй төлбөрийн баримтыг авч болно гэсэн үг. Цалингийн зээлд байхгүй.
-Жишээ нь та бид хоёр хувиараа буюу хоорондоо хөрөнгө хэн нэгэндээ борлуулсан бол НӨАТ, И-баримтад хамааралгүй гэж ойлгож болох уу?
-Үүнийг бас ялгаатай ойлгох хэрэгтэй. Хэрвээ би тэр чиглэлээр бизнес эрхэлдэг, ашиг олох үйл ажиллагаа явуулдаг бол би төлбөрийн баримт олгох ёстой. Харин иргэн хооронд ашиг олох зорилгоор биш ганц, хоёр удаагийн борлуулах үйл ажиллагаа явуулахад татварынхаа хуулийн дагуу хувь хэмжээгээрээ татвараа төлөөд иргэн хооронд шилжилт хийгдэг. Тэр үед төлбөрийн баримт үйлддэггүй гэсэн үг.
-Орон сууц, авто машин худалдаж аваад баримтаа аваагүй иргэд одоо нөхөж аваад баримтаа бүртгүүлэн буцаан олголт авах боломж байгаа юу?
-2018 оны баримт бүртгүүлэх хугацаа энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундэд дуусгавар болсон учраас нөхөж баримт авсан ч гэсэн буцаан олголт бодогдох боломжгүй болсон. Харин нөхөн авсан тухайн баримтаа холбогдох материалын хамт бүрдүүлэн Хувь Хүний Орлогын Албан Татварын хуулийн дагуу орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахдаа ашиглаж болно.