ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Мөнхгал: АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт 400-450 хүн гэрээгээр ажиллуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-17

АНУ-д  хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүчин авч байна. Бид  энэ талаар  “Адис” нийгмийн хөгжлийн төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгалаас тодрууллаа.

-2018  оны ихээр  Н2 визээр АНУ руу  ажилтан  гаргана гэж яригдаж байсан. Одоогоор  хэчнээн  хүн манай улсаас  гэрээгээр  ажиллаж байгаа вэ. Энэ визний  талаар  манай уншигчдад  дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 
-Манай байгууллага 2018 оны гуравдугаар сараас эхлэн АНУ-ын H2А, H2B төсөл  дээр ажиллаж эхэлсэн. Долдугаар  сараас Америкийн  албан ёсны зуучлагч агентлагуудтай хөдөө аж ахуйн чиглэлээр ажил  олгогч нар, холбоодуудтай  туршилтын журмаар  ажиллаад аравдугаар  сард  албан  ёсны гэрээгээр эхний ээлжийн 10 орчим хүнийг явууллаа. АНУ-ын H2А, H2B гэдэг хоёр төрлийн виз  байгаа.  Н2А гэдэг  нь ажиллах хүчний дутагдалтай хөдөө аж ахуй салбарт ажиллах бол түр  ажилтанд олгоно. Харин улирлын чанартай буюу аялал жуулчлал, загас агнуур, хүнс, худалдаа зэрэг салбаруудад түр хугацаанд ажиллах хүч хэрэгтэй байдаг. Ийм зорилгоор виз хүсэж буй иргэдэд “ХАА-н бус түр ажилчин” буюу Н2В ангиллын виз олгоно гэж ойлож болно. Энэ талаараа Элчин  сайдын  яаманд  мэдэгдэхэд  таатай хүлээж авсан. Н2 визний эрхийг манай улсад  олгосноор өмнө нь гарч байсан аялалын визээ хэтрүүлэх болон  бусад хууль  бус  асуудлыг шийдвэрлэж өгч байна. Бидний хувьд  маш  хариуцлагатайгаар ажиллана. Мөн  ажилгүй байгаа иргэдэд боломжийн  нөхцөл  бүрдэнэ гэж бид  харж байгаа юм. Гэхдээ манайд  бүртгүүлсэн  хүн  бүрийг авахгүй,  харин  ажлын  нөхцөл  шаардлага хангасан,  боломжтой гэсэн  хүмүүсээ сонгоно. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байгаагүй хүнийг бүртгэж хэн  хэнийхээ цаг хугацааг үрэхгүй.  

-2019 онд хэчнээн  хүн  гэрээгээр ажиллах тоо гарсан уу. Гэрээний нөхцөл шаардлагын  тухайд  ямар  байгаа вэ?
-Энэ жилээс эхлээд  манай гэрээний дагуу нэгдүгээр сарын 1-нээс хүмүүсийн  ажил­лах чадамжаас шалт­гаалан 400-450 хүн ажиллаж, амьдрах боломж бүрдсэн. Өнөөдрийн  байдлаар 30 гаруй хүний ажлын  байр  бэлэн  болсон. Одоогоор бичиг  баримтыг  нь  шалгаад, АНУ руу илгээх үйл явц хийгдэж байна. Гэрээгээр явж буй хүнээс ямар  нэгэн  төлбөр хураамж гарах шаардлагагүй гэж хуулиндаа заасан  байдаг. Гэхдээ гаргах  ёстой тодорхой хэмжээний зардал  буюу Элчин  сайдын  яамны цаг захиалах  мөнгө,  онгоцны зардлыг АНУ-д очоод  ажилласны дараа төлнө гэж гэрээндээ тусгасан. Манайх АНУ-ын дөрвөн зуучлагч компанитай хамтрахаар  гэрээ хийсэн Монголд үйл ажиллагаа явуулж буй албан  ёсны гэрээтэй  байгууллага. Бидэнд ирсэн ажлын байр нь хоньчин, малчин зэрэг  байгаа юм. Эдгээр ажилтныг авахын тулд анхан шатны англи хэлний мэдлэг, мэргэжлээрээ ажилласныг батлах малчны үнэмлэх шаардлагатай. Улмаар “Адис” нийгмийн хөгжлийн төв гэрээ хийсэн компанидаа малчдынхаа CV болон анхны шатны англи хэлтэйгээ батлах видео бичлэг зэрэг материалын илгээх журамтай. Эхний ээлжинд бүртгэл явуулаад тэднээс шалгуурыг хангасан хүмүүстэй холбогдоно. Цалингийн  хувьд  байр хоолны зардлаас гадна 4-5 сая төгрөгний цалин авахаар яригдаж байна. 

-Хэдэн жилийн  гэрээний хугацаатай вэ?
-Гэрээний хугацаа  ажлын  байрнаасаа шалтгаалаад  янз  бүр  байдаг. Ихэвчлэн гурван сараас нэг  жилийн  хугацаатай гэж заасан. Хөдөө аж ахуй чиглэлээр  ажиллаж байгаа хүмүүсийн  тухайд  гурван  жилээр  сунгаж болдог. Бид иргэдийг мэдээлэлээр хангахаас гадна шаардлагатай материал бүрдүүлэхэд тусална. АНУ дахь Хөдөлмөрийн бирж дээр ажилчны мэдээллийг байршуулна. АНУ дахь Зуучлагч байгууллагатай идэвхитэй хамтран ажиллана. Визний ярилцлагад бэлдэнэ.