ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Орхон: 700 орчим мянган тээврийн хэрэгсэл албан татвар төлнө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-20

Авто тээвэр болон  өөрөө явагч хэрэгслийн албан  татвар төлөх  хугацаа эхэлжээ. Бид  энэ талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч С.Орхоноос тодрууллаа. 

-Автомашины албан тат­вар төлөх хуулийн хуга­цаа нэгдүгээр сарын сарын 1-ний өдрөөс эхэл­лээ. Энэ жилйн  хувьд шинэч­лэгдсэн  мэдээлэл  байгаа юу?

-Жил бүрийн нэгдүгээр  сараас  зургадугаар  сарын  нэгний өдөр хүртэл  иргэд өөрийн эзэмшлийн автомашин, өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөх ёстой.  Аж ахуйн нэгж,  байгууллагууд  улирал бүр тэнцүү  хэмжээгээр  төлдөг хуулийн  зохицуулалт  бий. Үүнтэй холбоотойгоор Тат­варын ерөнхий газар зургаан сарын  хугацаанд  авто  тээвэр  болон өөрөө явагч  хэрэгслийн албан татвар,  агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг  хураах  ажлыг   зохион байгуулдаг. Энэ  жилийн  хувьд  нэг онцлог  нь  Татварын алба татварын  удирдлагын  нэгдсэн  систем буюу татварын бүрт­гэ­лийн  мэдээллийн  системээ шинэчилсэн. Энэ хүрээнд Авто­тээврийн  үндэсний төвд  бүртгэлтэй тээврийн  хэрэгс­лүүдийн татварын ногдол буюу агаар бохирдуулсан,  зам ашигласан төлбөрүүдийг оруулж өгнө. Үүнийг  үндэс­лээд автоматаар  нэхэмжлэл үүсгээд, улмаар энэ нэхэмжлэл  татвар  төлөгчдөд  гар утас  болон  имэйл хаягаар нь  хүргэнэ. Татвар  төлөгч нэхэмжлэлээ аваад QR кодоор уншуулж шууд  төлөх  боломжтой. Эсвэл банкинд очиж, төлбөрөө хийж болно. Үүнээс гадна өнгөрсөн  жил Нийслэлийн  мэдээлэл техно­логийн төвтэй хамтран  хийсэн  www.smartcar.mn  сайтаар  дамжуулан цахимаар төлбөр  төлөх  боломжтой байгаа. 

-Энэ  жил  нийтдээ хэчнээн тээврийн  хэрэгсэл эзэмшигч татвар   төлөх ёстой вэ? 

-Улсын  хэмжээнд  Авто­тээврийн үндэсний төвд бүрт­гэлтэй 930 гаруй мянган тээврийн  хэрэгсэл  бай­даг. Үүнээс хөдөлгөөнд оролц­доггүй, тээврийн  хэрэгслийн  улсын бүртгэлээс хасагдаагүй 200 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий.  Тэгэхээр нийтдээ  700 орчим  мянган автомашин өөрөө явагч хэрэгслийн албан татвар  төлөгдөнө. Нийслэлийн  иргэдийн төлөөлөгчдийн  хурлын  тогтоолыг  үндэслээд автомашины дугаарын хяз­гаар­лалтыг  нийслэлийн хэм­жээнд  явуулдаг.  Үүнийг  үн­дэс­лээд  сар  болгоны төл­бөр  хуваагдаж төлнө. Өөрөөр  хэлбэл 1, 6 тоогоор төгс­сөн бол нэг,  2, 7 тоогоор төгссөн бол хоёр, 3, 8 тоогоор төгссөн бол гурав, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөв,  5, 0 тоогоор төгссөн бол  тавдугаар сард  тус тус төлнө гэж ойлгох хэрэгтэй.  Орон  нутгийн иргэдийн хувьд  дугаарын  хязгаарлалтын  зохицуулалт  байхгүй учраас зургаадугаар сарын нэгний өдөртөө багтаагаад хамрагдах  шаардлагатай. Төлбөр  хураах  цэгийн  хувьд харьяа  дүүргийн Татварын  хэлтсүүддээ ху­раал­гаж болно.  Мөн бүх  оношлогоо  хийх  төвүүдэд банк,  татвар,  оношлогооны нэг  цэгийн  үйлчилгээ ажиллах  учир иргэдэд төвөг  багатай. Нийслэлийн  нэгдсэн  үйлчилгээний төв Дүнжин­гарав, Мишээл экспо, Драгон  төв  болон  орон  нутгийн  нэг  цэгийн  үйлчилгээний төвүүдэд  татвараа төлөх  боломжтой.  Хамгийн  гол нь иргэд цахимаар  үйлчлүүлж байгаагаараа давуу талтай. 

-Өнгөрсөн  оны татвараа төлөөгүй жолооч нар байгаа байх. Эдгээр жолооч нар татвараа хэрхэн төлөх болон,  хуулийн дагуу торгууль ногдуулах  эсэх дээр мэдээлэл  өгөөч?

-Татвараа хугацаанд нь төлөөгүйгээс нөхөн  татвар, торгууль  төлнө. Өнгөрсөн оны татвараа төлөөгүй цөөнгүй иргэд  байна. Мэдээж өмнөх  оны төлөгдөөгүй татвараа  төлж байж 2019 оны татвараа төлөх  ёстой. Хугацаандаа татвараа төлөө­гүй бол Зөрчлийн хуулиар торгууль  ногдуулна. Тухайл­бал, өмнөх жилийнхээ татварыг  төлөөгүй бол төлөөгүй татварынхаа  10  хувиар  торгуулна  гэж ойлгож болно.