НӨАТ-ын буцаан олголтын мөнгө сар шинийн дараа орж магадгүй гэх мэдээлэл иргэдийн дунд тархаад буй. Тэгвэл энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа
-НӨАТ-ын урамшуулал иргэдийн дансанд хэзээнээс орж эхлэх вэ?
-2018 оны НӨАТ-ын буцаалтын мөнгийг олгохоор бэлтгэж байна. НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ийн 2.1 дэх хэсэгт заасан албан татвар төлөгчийн буюу эцсийн хэрэглэгчдийн тухайн жилд албан татварт суутган төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан олгох хэлбэрээр урамшуулж болно гэж заасан байдаг. 2019 оны хувьд иргэдийн хийсэн худалдан авалтын 20 хувийн буцаан олголтыг Сар шинийн баяраас өмнө олгохоор шахаж ажиллаж байгаа. Хуулийн хугацаагаараа нэгдүгээр сарын 15-ны дотор татварын байгууллага, татвар төлөгч тус бүрийг системээсээ гаргаж баталгаажуулаад Татварын Ерөнхий газарт хүргүүлдэг. ТЕГ-аас тус мэдээллийг ажлын долоо хоногт багтаан Сангийн яаманд ирүүлдэг хуулийн хугацаатай. Сар шинийн баяр энэ жил хоёрдугаар сарын 5-ны өдөр буюу харьцангуй эрт тохиож буй учир иргэдийн санал хүсэлтийг үндэслээд наана нь олгож байгаа гэсэн үг. Одоогоор Татварын ерөнхий газарт буцаан олголтын ажлын хэсэг гарч, иргэдийн мэдээллүүд өнөөдөр, маргаашдаа ирнэ. Мэдээлэл ирснээр удахгүй НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн бүртгүүлсэн дансанд орно.
-Жил бүр мөнгөн дүн нэмэгддэг. Энэ жил хэчнээн хүнд, хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ?
-2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 600 мянга гаруй хүнд 78 тэрбум төгрөгийг олгосон. Энэ жил буцаан олголтыг 808 мянган хүн авна. Өнгөрсөн жил 78 тэрбум төгрөгийг буцаан олголтоор өгч байсан бол одоо бидний гаргасан тооцоогоор 120 тэрбум төгрөгийг ард иргэдэд өгөхөөр байна. Үүнээс үзэхэд, буцаан олголтын хэмжээ 40 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн идэвхжил ямар хэмжээнд хүрснийг илтгэж байгаа хэрэг. Иргэдийн хувьд НӨАТ-ын урамшууллыг олгохтой холбоотой ИБАРИМТ системээр нэвтрэн өөрийн овог нэр, регистрын дугаар, дансны мэдээллээ зөв оруулсан эсэхээ баталгаажуулах шаардлагатай.