“Тусгай замын автобус” буюу BRT төсөл хэрэгжих байсан ч үйл ажиллагаа удааширсан. Тэгвэл төсөл яагаад удааширсан болон, цаашид хэрхэн хэрэгжих талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяраас тодрууллаа.
-Автозамын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх шинэ гарц гэгдэж буй BRT төслийн талаар танилцуулаач?
-BRT төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байна. Анх 2015 онд УИХ-аас батлагдсан ч, тухайн үедээ Улаанбаатар хотод метро барих учир, тусгай замын ашиглалт шаардлагагүй гэдэг шалтгаанаар хэрэгжиж амжаагүй. Харин 2017 оны тавдугаар сараас дахин яригдаж, төслийн нэгжийг цэгцэлж эхэлсэн. “Тусгай замын автобус” гэдэг нь Улаанбаатар хотод үйлчилж буй Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчих автобусыг илүү нарийвчилсан, боловсронгуй болгох хувилбар гэж хэлж болно.Энэ ч утгаараа тусгай замаар зөвхөн зориулалтын автобус зорчих тул, нийтийн тээвэр цагтаа ирдэг, түгжрэл саадгүй, олон нийтэд үйлчлэх боломжоор хангана. Энэ төсөлд Азийн хөгжлийн банкнаас 218 сая ам.долларын санхүүжилт олгож, 64.5 км тусгай зам барихад зарцуулахаар төлөвлөсөн.
-Одоогоор төсөл зогсонги байдалтай байгаа юу, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Төслийн удирдах хороогоор хэлэлцээд барилга угсралтын ажлыг 2019 оны ес, аравдугаар сард эхэлнэ гэсэн төлөвлөгөө гарсан. Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нарийвчилсан зураг төслөө нэгдүгээр сардаа багтааж зарлахаар ажиллаж байна. Нүүлгэн шилжүүлэлтийн ажил ч энэ хугацаанд багтсан. Эхний ээлжинд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Долоон буудал хүртэлх коридорыг сонгосон. Коридор гэдэг нь одоо байгаа зам дагуу, нэг түвшинд автобус зорчих эгнээг хэлдэг. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс гэдэг утгаар нь энэ коридорыг сонгосон. Зарим иргэд харьцангуй ачаалал багатай зам сонгосон гэж ярьж байна. Бид алсыг нь харж шинэ суурьшлын бүс учир, орон сууцны хорооллууд баригдаад, жил ирэх тусам ачаалал нэмэгдэх хандлагатай учраас сонгосон. Бас нэг шалтгаан нь газар чөлөөлөх хэсэг хамгийн багатай гэдгийг тооцож үзсэн. Цаашлаад “Тусгай замын автобус”-ын “Энхтайвны өргөн чөлөө”-ний хэсэгт коридор барих барилга угсралтын ажил эхлүүлнэ.
-Төсөл хэдэн жил үргэлжилсний эцэст Улаанбаатар хотын иргэд “Тусгай замын автобус”-аар үйлчлүүлэх вэ?
-Энэ төсөл 2023 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа. 2020 оны дөрөвдүгээр улиралд эхний ээлжийн коридороор тусгай замын автобус чиглэлдээ гарна. Бас нэг давуу тал нь нийслэл хотын нийтийн тээвэр ухаалаг системээ өргөжүүлж байна гэж харж болно. Мэдээж барилга барих явцад “Энхтайвны өргөн чөлөө”, “Их тойруу”-гаар зорчих иргэдийн хөдөлгөөнд нөлөөлнө. Тийм учраас бид аль болох нөлөөлөл багатай шинэ суурьшлын бүсэд хэрэгжүүлж иргэдэд ойлгуулъя, үүний дараа нөлөөлөл ихтэй бүсдээ коридор барих ажлаа хийнэ гэж төлөвлөсөн. Бэлтгэл ажил хангагдаад явж байгаа хэдий ч, нилээн удаашралтай байгаа нь үнэн. Үүний шалтгаан нь Улаанбаатар хотод анхны гэдэг утгаараа мэдэхгүй зүйлүүд их байна. Тиймээс Азийн хөгжлийн банктай ярилцаж байгаад гадны хоёр зөвлөх ажилтан ажиллуулснаар ахицтай байгаа. Одоогоор гүйцэтгэгч компаниа тодруулаагүй.